Он цагийн гэрч-Хөшөө дурсгалууд
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/ Хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.
Хөшөө бүрд түүх бий. Учир нь, хөшөө дурсгал бол тухайн хүн, түүхэн үйл явдлыг сануулж, хүндэтгэн дээдэлж буйн илрэл төдийгүй тухайн улс, бүс нутгийн соёл урлаг, амьдрахуйн хэвшил, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл байдаг.
ЮНЕСКО-гийн Ерөнхий ассемблейн XXII чуулганы хуралдаанаар 1983 онд жил бүрийн 4 дүгээр сарын 18-ны өдрийг “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг.
Ингээд Монгол Улсын 21 аймаг дахь онцлог хөшөө дурсгалуудаас танилцуулъя.
Төв: Хамгийн өндөр морьт хөшөө
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байдаг Их эзэн Чингис хааны морьт хөшөө нь одоогоор дэлхийн хамгийн өндөр морьт хөшөө юм.
Хөшөөний өндөр нь ойролцоогоор 40 метр бөгөөд 36 ширхэг багана бүхий 10 метр орчим өндөр тавцан суурьтай.
Төв аймгийн Цонжин болдог гэх энэ газар нь домогт өгүүлснээр Чингис хаан алтан ташуур олсон газар хэмээдэг. Энэхүү хөшөөнд түүнийг мориндоо мордон, ташуураа ташаандаа тулан, алсыг ширтэн буй байдлаар дүрсэлжээ.
2008 оны есдүгээр сарын 26-нд хөшөөг анх нээсэн бөгөөд нийт 250 тонн чанаржуулсан гангаар бүтээсэн байна.
Баянхонгор: Эмч хүний алдар гавьяаг мөнхөлсөн хөшөө
1943 оны есдүгээр сард дэгдсэн тарваган тахлаас 40 гаруй хүний амь аварсан эмч Цогтын Магсарын алдар гавьяаг мөнхөлсөн хөшөө Баянхонгор аймгийн төвд бий.
Тэрбээр тарваган тахал туссан хүмүүсийг эмчилж байхдаа өөрөө өвчилж, эцсийн амьсгал хураатлаа эмч хүний тангарагтаа үнэнчээр зүтгэжээ.
Цогтын Магсар нь 1939 онд Архангай аймгийн сувилагчийн курс төгсөж нутагтаа ирж ажилласан байна.
Говь-Алтай: Дэлхийд ганцхан мазаалайн хөшөө
Говь-Алтай аймгийн төв Алтай хотод 2017 оны 6 дугаар сард Мазаалайн хөшөөг босгожээ.
Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд амьдардаг.
Олон улсын судлаачдын дүгнэснээр, мазаалай нь бусад баавгайн төрлөөс нэн онцлог төрөл зүйл ажээ.
Мазаалайн тоо толгой маш цөөн. 2025 оны 4 дүгээр сарын байдлаар мазаалайн тоо толгой 51-д хүрчээ.
Дархан-Уул: Сансрын нисгэгчдийн хөшөө
Монгол хүн сансарт анх ниссэн түүхт үйл явдлыг мөнхжүүлж 1981 онд Дархан-Уул аймагт энэхүү хөшөөг босгожээ.
БНМАУ-ын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗСБНХУ-ын баатар, сансрын нисгэгч Владимир Александрович Жанибековын хамт 1981 оны 3 дугаар сарын 22-нд сансарт ниссэн билээ.
Сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болж сансар судлалын түүхэнд бичигджээ.
Дундговь: Хамгийн том морин хуур
Дуу хуурын өлгий Дундговь аймаг нутгийнхаа онцлогийг харуулах зорилгоор 2007 оны 7 дугаар сард нутгийн брэнд болсон морин хуурыг аймгийн Соёл амралтын хүрээлэнд бүтээн залжээ.
Монголдоо хамгийн том морин хуур болох энэхүү бүтээл нь 7.5 м өндөр, 1.5 м өргөн, 40 см зузаантай бөгөөд аймгийн ИТХ-ын захиалгаар уран сийлбэрч Ө.Анхбаяр, дархан Л.Цогзол нар бүтээсэн байна.
Уг хуурыг бүтээхдээ толгойг нь модоор сийлбэрлэж, хуурын чавхдасыг троссон төмрөөр, их биеийг нь төмрөөр урлажээ.
Дорнод: Ази тивийн хамгийн өндөр зэс хөшөө
Халх голын дайны дурсгалд зориулсан олон хөшөө байдгийн хамгийн том нь Дорнод аймгийн Халх гол сумын Хамар даваанд орших Ялалтын хөшөө юм.
Уг хөшөөг 1939 оны Халх голд байгуулсан Зөвлөлт-Монголын цэргийн хамтарсан ялалтад зориулан 1984 онд бүтээжээ.
Хөшөөний ерөнхий загвар нь ган болд илд бөгөөд Зөвлөлт-Монголын дайчин армийн нисэх хүчин, танк, их буу, морин цэргийн бүх анги нэгтгэл давшиж буй байдлыг дүрсэлсэн байдаг.
Хөшөөний нийт өндөр нь 55 м бөгөөд 110 тн зэсээр бүтжээ. Ялалтын хөшөөний төслийг уран барималч Д.Амгалан, А.Н.Бурганов, архитекторч Д.Чойжилжав, Л.В.Мисожников нарын бүрэлдэхүүнтэй хоёр улсын уран бүтээлчид хамтран бүтээжээ.
Энэхүү хөшөө нь одоогоор, Ази тивд зэсээр бүтээсэн
хамгийн өндөр хөшөө юм.
Орхон: Майхан хөшөө
Эрдэнэт
хотыг анх байгуулахад илгээлтээр ирж байсан анхдагчдад зориулж “Майхан” хөшөөг босгож, хотынхоо анхны хөшөөгөөр бүртгэж байжээ. Дараа нь Эрдэнэт
үйлдвэрийн анхны хөрсийг хуулж байсан тракторыг олон нийтийн үзмэр болгож хөшөө
дурсгалдаа бүртгэсэн байдаг.
Ийнхүү
Орхон аймгийн түүх, соёлтой холбоотой 22 хөшөөг албан ёсоор бүртгэж жил бүрийн
12 дугаар сарын 11-нд “Эрдэнэт хотын өдөр”-өөр аймгийн удирдлагууд ерөнхий
боловсролын сургуулийн сурагчдад зориулж хөшөө, дурсгалын талаар хичээл заадаг
уламжлал тогтжээ.
“Майхан” хөшөө болон Трактортой
хөшөөг 1974 онд босгожээ.
Булган: Цогт хунтайжийн хөшөө
Монгол үндэстний эв нэгдэл тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэгч, цэргийн гарамгай жанжин, соён гэгээрүүлэгч их бичгийн хүн, Чингис хааны үр Очир хааны ач халхын Цогт хунтайжийн хөшөө дурсгал Булган аймгийн төв талбайд байдаг.
Цогт хунтайжийн энэ хүрэл баримал хөшөөг Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн уран барималч Аюурзаны Очирболдын загвараар урлажээ.
Уг хөшөөнд иж бүрэн хуяг, дуулгатай, нум сум агсаж, морь унасан жанжны дүр төрхийг харуулсан байна. Зүүн гартаа судар барьж, алсын барааг тольдон буй дүрийг илтгэсэн. Хөшөөний суурийн нүүрэн талд “Чингис хааны үр Очир хааны ач халхын Цогт хунтайж 1581-1637” гэсэн үгийг монгол болон кирилл үсгээр гантиг чулуун дээр сийлжээ.
Ховд: Галдан бошгот хааны хөшөө
XVII зууны
үеийн шашин, улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин Галданд зориулж бүтээсэн энэхүү
хөшөө Ховд аймгийн төв талбайд байдаг. Уг хөшөөг 2006 онд босгосон
байна.
Галдан 1644 онд Дөрвөн Ойрадын зонхилох
аймгуудын нэг, зүүн жигүүрийг өмгөөлөн явагч Цорос аймгийн
тэргүүн Эрдэнэбаатар Хотогчин хунтайжийн 6 дугаар хөвгүүн болон
төржээ.
Галдан
нь Ховд хотыг 1685 онд Ховд голын хөвөөнд байгуулж, Манжийн
түрэмгийлэгчтэй тууштай тэмцэж, эх орон, хүн ардаа өмгөөлж боссон
түүхэн хүн юм.
Сүхбаатар: Д.Сүхбаатарын хүрэл хөшөө
Сүхбаатар аймагт хамгийн анх Д.Сүхбаатарын морьтой хөшөөг босгосон байдаг.
Д.Сүхбаатарын мэндэлсний 115 жилийн ойгоор, Төмөртэйн уурхайн санхүүжилтээр нутгийн уран бүтээлч, барималч Ж.Дүүрэнтөгс бүтээжээ.
Энэхүү хөшөө нь хөдөө орон нутагт босгосон гурав дахь хүрэл хөшөө юм.
Өвөрхангай: Аюуш баатрын хөшөө
Дэлхийн II дайны ялалтын 30 жилийн ойд
зориулан БНМАУ-ын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн дурсгалын хөшөөг Арвайхээр сумын төвд 1968 оны 3 дугаар сарын 18-ны өдөр босгожээ. Хөшөөг
уран барималч Б.Дашдэлэг бүтээсэн байна.
Уг гэрэлт хөшөөнд Л.Аюушийн намтар,
баатарлаг гавьяаг “Монгол Улсын баатар” цолоор нэхэн шагнах тухай
тогтоолын хамтаар сийлжээ.
Түүнчлэн “Мөнхөд дуурсагдах баатрууд”-ын хүндэт самбарыг тус хөшөөний дэргэд босгож, Өвөрхангай аймгаас 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх
дайнд оролцон эх орныхоо төлөө эрэлхэг гавьяа байгуулсан дайчдын
нэрсийг мөнхөлсөн байна.
Увс: Б.Гиваан баатрын хөшөө
БНМАУ-ын баатар Бэгзийн Гивааны хөшөө Улаангом хотын төвд байдаг.
1948 оны 7 дугаар сарын 8-нд Байтаг богдын орчмоор БНМАУ-ын дархан хилийг зөрчсөн 170 гаруй дайсантай эрэлхэгээр тулалдсан 10 хилчний нэг нь Б.Гиваан байв.
Тэрбээр эх орныхоо газар шорооны төлөө эрэлхэгээр тулалдан 22 насандаа амиа өргөж, ард түмэн зэвсэгт хүчний түүхэнд мөнхрөн үлдсэн юм.
Б.Гивааны хөшөөг Хилийн цэргийн 40 жилийн ойгоор буюу 1973 онд Улаангом хотын төв талбайд босгожээ.
Хөвсгөл: Чингүнжавын дурсгалд зориулсан эрхий хурууны хөшөө
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Буурлын өвөр гэдэг газар 2000 онд Хотгойдын шадар ван Чингүнжавын дурсгалд зориулж энэхүү хөшөөг босгожээ.
Гарын таван хурууны эрхий хурууг боржин чулуугаар товойлгон бүтээсэн энэхүү хөшөөний дөрвөлжин бетонон суурь дээр “Эх орон тусгаар тогтнолын төлөө Чингүнжав” гэсэн үгийг сийлсэн байдаг.
Манжийн дарлалыг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний төлөөх зэвсэгт бослогын гол удирдагчдын нэг нь Хотгойдын шадар ван Чингүнжав байсан юм.
Түүнийг 1757 онд баривчлан Бээжинд аваачиж цаазаар авахад эх оронч сэтгэлтэй хүмүүс түүний эрхий хурууг нууцаар таслан авч, хадагт боон эх нутагт нь авчирч мөнгөн хайрцагт хийж оршуулан, дээр нь овоо босгосон гэдэг хууч яриа нутгийн ард олны дунд ам дамжин яригддаг ажээ.
Сэлэнгэ: Дөрвөн пулемёт зоосон дөрвөлжин сүмийн туурь
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас баруун зүгт 3 км зайд Дөрвөлжин сүмийн туурь бий.
Тус сүмийн туурин дээр хувьсгалын ялалтад зориулсан дурсгалын хана, пулемёт их бууны хөшөөг босгосон байдаг.
Тодруулбал, ардын хувьсгалын зэвсэгт бослогын анхны буу дуугарсан түүхт газар агаад жанжин Д.Сүхбаатарын байлдааны төлөвлөгөөгөөр 1921 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих үүрээр цэргүүд Дөрвөлжин сүмийн үүднээс 4 пулемётоор гал нээж, гамин цэргүүдийг хөөн Хиагт хотыг эзлэн авч байжээ.
Өмнөговь: БНМАУ-ын Хөдөлмөрийн баатарт зориулсан хөшөө
Номгон сумын ЗДТГ-аас санаачлан 2012 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар тэмээчин Хүүхэний Гомбосүрэнгийн гарамгай амжилтыг мөнхжүүлж, энэхүү хөшөө босгожээ.
Х.Гомбосүрэн 1956 оноос хойш 34 жил тэмээ маллахдаа 816 ботго бойжуулж, 189 мянган тонн ноос бэлтгэн 42,7 мянган литр сүү сааж, 400 гаруй эмнэг хангал тэмээг уналга эдэлгээнд сургасан байна.
1966 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулжээ.
Дорноговь: Их говийн зоригт баатарлаг малчдад зориулсан морьт хөшөө
Их говийн зоригт баатарлаг малчдын дурсгалыг хүндэтгэсэн малчны хөшөө Дорноговь аймгийн Өргөн сумын төвд буй.
Энэхүү хөшөөг Өргөн сумын ЗДТГ-аас санаачилж 2015 онд босгожээ.
Одоогоос 75 жилийн өмнө эх орны төв, өмнөд хэсгээр цасан шуурганд уруудсан 70 мянга гаруй адууг хахир өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд зориг, зүрх гарган хил давуулалгүй тогтоож улс даяар алдар нэрээ цуурайтуулсан
Төвийн Балдан тэргүүтэй их говийн зоригтнуудын гавьяат үйлсийн талаар Төрийн соёрхолт эрдэмтэн, зохиолч Б.Ринчен сурвалжлан “Их говийн зоригтон хүмүүс” хэмээх найруулал бичсэн байдаг.
Архангай: Хөдөлмөрийн баатар Р.Минжүүрт зориулсан хөшөө
Энэхүү хөшөөг төр нийгмийн зүтгэлтэн, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар Рэнчингийн Минжүүрийн 100 насны гэгээн дурсгалд зориулж, 2014 онд босгожээ.
Боржин чулуугаар сийлбэрлэн бүтээсэн уг хөшөө нь 5 м өндөр, 30 тн жинтэй.
Р.Минжүүр нь Монголд анх удаа сүү цагаан идээний үйлдвэр байгуулсныг үнэлж, Нэгдэлжих хөдөлгөөн үүсэн хөгжсөний 10 жилийн ойгоор түүнийг Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан байдаг.
Баян-Өлгий: "Бүргэдчин" хөшөө
Казахын ард түмний өвөрмөц соёлын өвийг сурталчлан таниулах, алдаршуулах зорилгоор 2016 онд "Бүргэдчин" хөшөөг Өлгий хотод босгожээ.
Бүргэдээр ан хийх зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-д «Дэлхийн соёлын биет бус өв»-өөр бүртгүүлсэн байдаг.
Зэрлэг махчин шувуудыг гаршуулж, ан авлах уламжлалаа хадгалж үлдсэн дэлхийн хоёрхон үндэстний нэг нь Монголын казахууд, нөгөө нь киргиз үндэстэн юм.
Тус хөшөөний загвар зургийг зураач А.Нурдыхан гаргажээ.
Завхан:
Монгол Улсын тав дахь Ерөнхий сайд Жалханз хутагтын XX дүр Цэрэнсодномын Дамдинбазарын түмэн өлзий гийсний 140 жил, Номч мэргэн егүзэр, Цорж, Самади багш, Дэмчиг бурхны хувилгаан Дилов хутагтын VII дүр Баашлуугийн Жамсранжавын түмэн өлзий гийсний 130 жилийн ойг тохиолдуулан 2014 онд хутагтуудын гэрэлт дүр, хөшөө дурсгалыг Улиастайн төвд босгожээ.
Энэхүү хөшөөг “Чандмань чулуу” ХХК-ийн сийлбэрч, уран барималч О.Мягмарсүрэн тэргүүтэн уран бүтээлчид бүтээсэн байна.