“Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг 2030 онд ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-06 14:10:33

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хавдар судлалын үндэсний  хоёрдугаар төв”-ийг барих газарт өнөөдөр ажиллав.


Тус төвийг  байгуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд энэ үеэр ирж танилцуулга хийжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянголын аманд энэхүү төвийг байгуулсан бөгөөд тус төвд ажиллах 1500 эмчийг АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран сургаж эхлэх юм.  


Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбороо илүү орчин үеийн өргөн цар хүрээтэй дэлхийн жишигт нийцсэнээр нь маш яаралтай барьж, байгуулах хэрэгтэй. Манай улсын гадаад харилцаа өргөжиж байгаа. Иймээс зөвхөн улсын төсөв гэлтгүй гадаад харилцааг ашиглан энэхүү төслийг урагшлуулах бодолтой байна. Хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдсээр. Тэгэхээр бид энэ эмнэлгийг яаралтай барьж ашиглалтад оруулахгүй бол өвчлөл 2040 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгаа тооцоо судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Нийтдээ 95000 ам дөрвөлжин метр бүхий талбайтай эмнэлэгт 1500 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллах юм билээ. Хавдрын асуудлаар олон жил явсан судалсан, иргэдийнхээ зовлонг маш сайн мэддэг УИХ-ын гишүүдийг томоохон түлхэц болно гэж үзээд ажлын хэсэгт оруулсан” хэмээн ярьжээ. Хавдрын шалтгаант нас баралт нийт баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манай улсад 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог байна. 


Тус эмнэлэг дөрвөн блок бүхий долоон давхар барилгаас бүрдэнэ. Ингэхдээ “А” блокт нь хог хаягдал, амбулатори, сургалт судалгаа, хэвтэн эмчлүүлэх тасаг байрлана. Харин “В”-д нь ариутгал, амбулатори, дүрс оношилгоо, дуран, мэс засал, лаборатори, оффис байхаар тусгажээ. Тэгвэл “С” блокт хими болон эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, хэвтэн эмчлүүлэх тасаг байх аж. Мөн “D блокт туяа эмчилгээ, эмгэг анатоми байхаар зураг төслийг нь гаргасан байна.


Нийт 600 ортой “Хавдар судлалын үндэсний  хоёрдугаар төв”-ийн барилгын ажлыг ирэх хавраас эхлүүлэх бөгөөд 2030 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Цаашид иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, иргэд амьдарч байгаа бүс нутагтаа хавдрын эсрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг болох, хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах бодлого барьж байна.

Энэ үүднээс Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх, аймгуудын  эмнэлгийг техник, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгажээ.








 

Холбоотой мэдээ