СЭЛЭНГЭ: Төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудыг чанартай хийхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-07 11:53:23

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог тэргүүтэй ажлын баг энэ 7 хоногт сумдад ажиллаж байна.

 

Өчигдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржоор ахлуулсан ажлын баг Алтанбулаг суманд ажилласан бол өнөөдөр ОБГ-ын дарга, хурандаа С.Пүрэвсамдан, Шаамар сумаас Аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Уранчимэг, М.Бямбацогт нарын хамт Шаамар суманд ажиллаж байна.

 

Сумын удирдлагууд, эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг байгууллагуудын удирдлага, төлөөлөлтэй уулзаж цаг үеийн мэдээлэл, тулгамдаж буй асуудал, хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна.

 

Шаамар сумын нэгдсэн халаалт 2022 оноос сайжирснаар дулаан өвөлжиж, өвөлжилтийн нөхцөл байдал хэвийн байгаа талаар сумын удирдлагууд хэлж байв.  

 

Энэ онд Шаамар суманд улс, аймгийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийх юм.

 

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс төрийн байгууллагуудын дарга нарт улс, аймаг, төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудад хяналт тавьж, чанартай хийх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

 

Мөн үргэлжлүүлэн Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгээр орж нөхцөл байдалтай танилцлаа.

 

Дараа нь Шаамар сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно.

Холбоотой мэдээ