ДУНДГОВЬ: Ном уншигчдын тоо 13 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-01-09 16:59:52
altantogos

Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын сангийн мэдээлснээр 2024 онд тогтмол уншигчдын тоо 13 хувь, номын санд ирж үйлчлүүлэгч иргэд, хүүхэд залуучуудын тоо 2 хувиар нэмэгджээ.


Тус номын сангаас ном уншигчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 5 суманд зөөврийн номын сан, аймгийн төвд "Танд ойрхон номын сан", "Дуудлагын номын сан" ажиллуулж, “Олуулаа уншъя, номтой нөхөрлөе” аян, “Ухаалаг утаснаас уншлагын цаг руу” төсөл, “Миний уншсан ном дүрслэх урлагт” уралдаан зэрэг идэвхжүүлэх хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулсан.


Уншигчдын насны байдал, тэдний эрэлт, хандлагын талаар номын санч Ц.Оюунжаргалаас тодруулахад, "Манай номын сангаар ирж үйлчлүүлж байгаа иргэдийн дийлэнхийг хүүхдүүд, гэрээр ном авч уншиж байгаа иргэдийн дийлэнхийг ахмадууд эзэлж байна. Дунд насныхан буюу залуучуудын хувьд ном унших хандлага тун бага байна.


Нэг үеийг бодвол ном уншигчдын тоо нэмэгдэж байгаа нь сайхан байна. Өнөөдөр хүн бүр хүүхдээ эрүүл саруул бие бялдартай, оюун ухаан сэтгэхүйн өндөр хөгжилтэй болгохыг эрхэмлэж байна. Үндэсний бичиг үсэг, хэл соёл, ёс заншил, уламжлалаа эрхэмлэдэг болгон төлөвшүүлэх, хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэхэд уран зохиол, урлагийн нөлөө маш их. Тиймээс хүүхдүүдийг ном уншдаг, номын сангаар ирж үйлчлүүлдэг болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг.


2024 онд манай байгууллага сургуулийн суралцагчдыг ном уншдаг болгохын тулд хэд хэдэн ажлыг санаачлан зохион байгуулсан. Тиймээс ч уншигчдын тоо харьцангуй нэмэгдсэн гэж хэлж болно.


Ажиглаж байхад 10-12 дугаар ангийн хүүхдүүд илүү их хичээлээ давтах, хичээлтэйгээ холбоотой ном, товхимол судалж унших, мэдээлэл авах хүсэл эрмэлзэлтэй болсон байна.


Манай байгууллагаас “Олуулаа уншъя, номтой нөхөрлөе” аян зохион байгуулж, 7-9 дүгээр ангийн хүүхдүүд ангиараа тогтмол хамрагддаг болсон. Тэдний хувьд үлгэрийн ном, сүүлийн үед гарсан уран зохиолын ном, Монголын нууц товчоо, Жангар туужийг илүү их уншиж, судалж байна. Зарим ангийн хүүхдүүд "Хүмүүн бичиг" сониныг ангиараа тогтмол уншиж, монгол бичгийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлдэг.


Дунд, ахлах ангийн хүүхдүүдийн хувьд ихэвчлэн хувь хүний хөгжлийн болон хэл сурах, тэтгэлэг авах боломжийн талаар илүү их уншиж судалдаг болжээ. Харин гэрээр ном захиалж уншдаг хүмүүсийн дийлэнх хувийг ахмадууд эзэлдэг. Тэгэхээр дунд насныхан, залуучууд ном уншихгүй байна.


Уншъя гэж зорьсон хүн бүрд манай номын сан ном унших боломжийг олгож байгаа. Бүх боломж нь байна. Бид дуудлагаар үйлчилгээ үзүүлж байна, бүх номын жагсаалт цахимд орсон. Цахимаар эсвэл утсаар дуртай номоо захиалаад, хаана ч хүргүүлж болно.


Манай номын сангийн хувьд харьцангуй номын фонд сайтай, ховор номууд байна. Хэдийгээр төсөв хязгаартай ч гэсэн боломжоороо уншигчдынхаа хэрэгцээнд тулгуурлан жил бүр шинээр гарч байгаа номоор фондоо баяжуулдаг. Гагцхүү ном унших сэтгэл, хүсэл эрмэлзэл байвал бид уншигчиддаа бүх талын үйлчилгээг үзүүлнэ” гэлээ. 




Холбоотой мэдээ