БАЯНХОНГОР: Амбулаторийн үйл ажиллагааг жишиг болтол хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-01-10 10:23:02
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте нарын зэрэг албаныхан энэ сарын 9-нд Баянхонгор аймагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Ажлын багийнхныг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзан, орон нутгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар санал солилцож, Нэгдсэн эмнэлгийн шинэ амбулаторийг улсад жишиг байдлаар хөгжүүлэхэд талуудтай хамтран ажиллахаар болов. Тодруулбал, ЭМЯ-наас Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ амбулаторийг тохижуулахад 1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн бол ДЭМБ, ЭМЯ-тай хамтран лабораторийн тоног төхөөрөмж, шинэ амбулаторийн тоног төхөөрөмж, сүрьеэгийн М2 төслийн хүрээнд шинэ тоног төхөөрөмжийн дэмжлэгийг шийдвэрлэхээр болсон юм.

Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд “Үндэсний баг” ажиллах, гадаад дотоодын сургалтад эмч, мэргэжилтнүүдийг хамруулах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих бодлогын ажлуудыг Баянхонгор аймагт хийнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцолж байв.

Хамтын ажиллагааны хүрээнд шинэ амбулаторийг жишиг түвшинд хөгжүүлэх бэлтгэл ажлыг хурдтай хангаж, ирэх зургаадугаар сард үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэхээр боллоо.

2025 оныг Баянхонгор аймаг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, нийт төсвийнхөө 60-70 хувийг Эрүүл мэндийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн төдийгүй Наркологийн эмнэлгийг ашиглалтад оруулах, Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг гүйцэд тохижуулах, хүн амын тэргүүлэх өвчлөлийг бууруулах зэрэг ажлыг төлөвлөөд байна.


Холбоотой мэдээ