Б.АНУБОЛОР: Номтой хамт хөгжиж мөрөөдөх хамгийн сайхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-13 17:10:10

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Бэгзийн Явуухулангийн нэрэмжит аймгийн Төв номын сангаар өдөрт 60 гаруй уншигч үйлчлүүлдэг. Тэдний нэг нь Улиастай сумын бүрэн дунд III сургуулийн 9б ангийн сурагч Батсүхийн Ануболор бөгөөд хамгийн эртэч уншигч юм.


Тэрбээр номын сайн нөхөр төдийгүй уншсан ном бүрээ дахин дахин уншиж тэмдэглэл хөтөлж мөрөөдлөө баяжуулж ирээдүйгээ төлөвлөсөн тухайгаа найз нөхдөдөө ярих дуртай ажээ. Түүнтэй номын талаар ярилцлаа.


-Аймгийн Төв номын сангийн байнгын үйлчлүүлэгч төдийгүй эртэч уншигч гэж сонслоо. Ном уншихын хамгийн сайхан нь?

-Яг одоо сургуулийн хүүхдүүдийн амралт үргэлжилж байгаа болохоор өглөө босоод ундаа уугаад л номын санд яаран ирдэг. Амралтын эхний 14 хоног номын сангийн хамгийн эхний үйлчлүүлэгч байсан. Хичээл орж байх үеэр гэртээ өглөө бүр уншиж байгаа номоосоо заавал 10 гаруй хуудсыг уншиж байж хичээлдээ яваад бүр зуршил болчихсон. Ер нь ном унших их сайхан шүү дээ. Би юүтүб үзэхээсээ илүү, их сонсдог. Өөрийнхөө дуртай сэдвүүдээр сонирхолтой мэдээлэл болон дуу хөгжим сонсоно.


Алдартай, амжилттай явж байгаа хүмүүсийн зөвлөгөө мэдээллийг их сонсдог. Тэд бүгд л амжилтад хүрэхдээ, ихэнх нь ном уншиж, номын амтанд орж, номоос ертөнцийг таньж, мэдэрч, бас суралцаж амжилтад хүрсэн тухайгаа ярьдаг юм. “Ном унш, ном уншиж байж чи мэдлэгтэй болно”. Мэдлэгтэй болсноор чи өөрийгөө илүү таньж, үнэ цэнтэй ирээдүйг бүтээж чадна гэж ярьдаг. Тийм болохоор би ном унших дуртай. Мөн уран зохиолын уран зөгнөлт номуудыг шимтэн уншдаг. Учир нь яг тэр зохиол дээр гарч байгаа зүйлсийг нь төсөөлөх дуртай. Төсөөллөө дэвтэр дээр буулгаад, номын тэмдэглэл хөтлөх их сонирхолтой байдаг.


-Өсвөр насныхан ихэвчлэн олон нийтийн сүлжээ болон, юүтүб суваг их үздэг, сонирхдог шүү дээ. Харин чи номтой ихэвчлэн нөхөрлөдөг гэлээ? Яг хэдэн наснаасаа эхэлж номд шимтэв?

-Би олон жил ном уншаагүй ээ. 12 настайгаасаа эхэлж анх уншсан ном сонирхолтой байсан учраас түүнээс хойш л номыг шимтэн уншдаг болсон. Мэдээж бага ангид байхдаа үлгэрийн ном хааяа л уншдаг, нэг их дурлаж уншдаггүй байсан юм. Анх 7 дугаар ангид байхад ангийн багш минь 7 хоногийн амралтын үеэр хүүхэд бүрд даалгавар өгсөн юм. Ямар нэгэн ном уншаад түүнийхээ тухай тэмдэглэл хөтөлж ирэх бие даалтын даалгавар өгсөн юм. Надад тухайн үед олдсон ном нь хувь хүний хөгжлийн тухай ном байсан. Ингээд түүнийгээ уншаад тэмдэглэл хөтөлж даалгавраа бичиж эхлэх үедээ л номд дуртай болсон. Хувь хүний хөгжлийн тухай ном сонирхол татсан. Тухайн хүн өөрийгөө хэрхэн яаж бүтээж, нийгмийн харилцаанд орохдоо яах тухай болон нийгэмд өөрийгөө таниулах олон сонирхолтой зөвлөгөө байсан учраас маш их сонирхол татсан. Түүнээс хойш чамгүй олон ном уншсан, тоолж үзээгүй юм байна.


-Чиний уншсан номуудаас хамгийн их сэтгэлд чинь хүрсэн. Тухайн номдоо орж түүгээрээ амьсгалж төсөөлөн бодож байсан ном нь яг ямар ном байв?

-2020 онд хэвлэгдсэн Л.Жиймий гээд эмэгтэй зохиолчийн “Чиний бүтээсэн би” гэдэг номыг уншиж, тухайн номоор амьсгалж, мөрөөдөж, бүр ирээдүйгээ төлөвлөсөн. Энэ номыг би жилийн өмнө уншсан юм. Одоо ч дахин дахин сөхөж хардаг.


-Яагаад энэ номд татагдав? Юун тухай гардаг юм бол?

-Энэ номд сэтгэлзүйн тухай гардаг юм. Сэтгэл зүйч эмэгтэй 2050 оны Монгол улсыг төсөөлөн энэ номыг бичсэн байдаг. Энэ номын тухай “Нэг цэг нөгөө цэгтэй холбогдохын тулд оршин байдаг. Алдаа гэж бодсон зүйл амжилтын эхлэлийн цэг болсон ч байхыг ч үгүйсгэхгүй. Бурхан, хувь тавилан, үйлийн үр гурав шударга хэр нь санаанд оромгүйгээр гайхалтайгаар ажилладаг. Таны итгэл үнэмшил, стиль имиж, өөрийгөө үнэлэх үнэлэмж, өдрийг өнгөрөөх зуршил тань бусдаас ялгаатай байж болно. Харин ч сайн хэрэг. Өөр зүйлээс өөрчлөлт бий болдог. Хорвоогийн хөгжил этгээд сэтгэгчдийн нуруун дээр явдаг. Эс бөгөөс шинэ нээлт, шинэлэг санааг хаанаас гаргах билээ” гэж бичсэн байдаг.


2050 онд Монгол улс, тухайн үеийн хөгжил, нийгмийн амьдрал, хүмүүсийн олон талын харилцаа ямар түвшинд хүрсэн байгаа тухай энэ номд гардаг юм. Хүмүүс бүгд технологитой харьцаад эхлэхээр хүн, хүнтэйгээ харьцах нь ховордсон байдаг. Хүний амьдрал, мэргэжлийн тухай сонсож зөвлөгөө өгдөг. Уулзахгүйгээр онлайнаар зөвлөгөө өгдөг. Зохиолын гол дүр сэтгэл зүйч эмэгтэй сонсдог мэргэжилтэй. Гэвч тэр эмэгтэй яг тэр сонсогч мэргэжлээ хийхийнхээ хажуугаар нөхөртөө дарлуулдаг сэтгэл зүйн дарамтад байнга өртдөг.


Уг нь зохиолын гол дүр эмэгтэй маань хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүн шүү дээ. Өөрийн амьдрал нь дарамт, хүчирхийлэл дунд байсан ч гэлээ өөр хоёр эмэгтэйд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, амьдралыг өөрөөр харж, хамтдаа хүнд байдлаасаа гарч байгаа тухай өгүүлдэг. Технологиор хүрээлэгдсэн орчинд байхаас илүү байгаль дэлхийтэйгээ ойр байснаар хүний сэтгэл зүй маш хурдан эдгэрдэг гэдгийг тодотгож харуулж өгсөн энэ зохиол.


-Сонирхолтой юм байна. Монгол улс 2050 онд яг ямархуу нийгмийн байдалтай гардаг юм бэ энэ номд?

-2050 онд Монгол улс техник технологи хөгжсөн, бүх юм компьютержсон байдаг. Монгол эрэгтэй хүний ген нь дэлхийд ховорт тооцогддог. Одоо еврейчүүдийн амжилтын үндэс нь дадал зуршил байдаг бол монгол хүнийх генээсээ, цаанаасаа л амжилттай байх ёстой гэж программчлагдсан байдаг гэж гардаг. Түүнээс болоод монгол эр хүний эс нь маш үнэтэй байдаг. Эмэгтэйчүүд гэрлэхгүйгээр монгол эр хүний эсийг худалдан авч суулгуулаад хүүхэдтэй болж болдог тухай гардаг. Хүмүүсийн хоорондын хайр сэтгэлийн нандин харилцаа үгүй болж, та хүүхэдтэй болохыг хүсэж байвал, ганцаараа амьдардаг ч гэлээ дуртай эсээ худалдаж авч суулгуулж, хүссэн хүүхдээ төрүүлэх боломжтой болно. Ихэнх хүмүүс ийм байдлаар хүүхэдтэй болсон байдаг.

Монгол улсын эдийн засаг, ерөнхий хөгжил нь дээд цэгтээ хүрсэн. Хүмүүс ажил хийх шаардлагагүйгээр бүх зүйл программчлагдсан байдаг. Ажил хийхийг хүсэхгүй байгаа хүмүүстээ улсаас зүгээр л тэтгэмж өгдөг. Тэгснээр хүмүүс ямар ч ажил хийх амбицгүй бүгд амьдралын идэвхгүй, ажил хийхгүй. Хүмүүс хоорондын амьд харилцаа байхгүй, түүнээсээ болоод сэтгэл гутралд ордог. Амиа хорлолт ихэссэн үйл явдлууд энэ номд гардаг.


-Харамсалтай юм бэ, Чи үүнд харамссан уу? Яг энэ үйл явдлуудыг юу гэж тунгаасан бэ?

-Маш их харамссан, хөгжил дэвшилтэй хамт хүний амьд харилцаа ямар чухал болохыг эндээс илүү их ойлгосон. Харамсах, бахархам үйл явдлууд өрнөдөг сонирхолтой зохиол байсан.


-Бахархал нь юу байв?

-Номоо уншиж дуусаад зохиолын гол дүр туслах дүрүүд хүний амьдралын мөн чанарыг таньж, ухаарч, сэтгэл зүйн маш хүнд дарамтаасаа хэрхэн гарч байгаа, хүн байгалийн амьд харилцаа ямар бахархам байдгийг номоо уншиж дуусаад л бахархаж, чин сэтгэлээсээ баярлаж байсан шүү. Номоо уншиж дуусаад л урт амьсгаа аваад, Гадаа гудамжаар нэг тийм хөөрсөн, сэтгэл өндөр хүн алхаж байснаа санаж байна. Хамгийн сайхан зүйл номын баатрууд бүгд маш сайхан болж, сэтгэл зүйн хүнд дарамтаас ангижирч ялан дийлж, төгсгөл үнэхээр сайхан байсан учраас л тэр байх.


Учир нь зохиолын туслах дүрийн нэг эмэгтэй маань амиа хорлох гэж байсан боловч үхэх зориг байдаггүй. Харин нөгөөх нь болохоор дэлхийн хэмжээний тоглогч хэдий ч дандаа компьютерын ард суусаар байгаад бие нь маш их муудсан эмэгтэй байдаг юм. Яг л одоо компьютерын тоглоомд донтсон хүмүүс шиг. Би энэ тоглоомыг тоглохгүй л бол амьдарч чадахгүй, энэ тоглоом л байхгүй бол би үнэ цэнгүй гэдэг бодолтой. Нөгөөх нь би анхнаасаа ямар ч үнэ цэнгүй гэсэн өөртөө итгэлгүй дүр байсан.

Тэгээд энэ гурван эмэгтэй хамтдаа байгальд гарч өөрсдийгөө сорьж эхэлснээр тэд сэтгэл зүйгээ, биеэ байгаль дэлхий, амьд ертөнцөөр анагааж чаддаг юм.  


-Үнэхээр сонирхолтой зохиол юм, уншмаар санагдлаа. Ном уншиж мөрөөдөх дуртай гэсэн. Энэ ном чамд ямар мөрөөдлийг өгөв?

-“Чиний бүтээсэн би” номоо уншиж дуусаад одоо ч дахин дахин сөхөж хардаг юм. Жишээлбэл, би шинээр ном худалдаж аваад тухайн ном дээрээ балын харандаагаар тэмдэглэл хөтөлж, наадаг цаасаар тэмдэглэдэг. Дараа нь заавал тэр номын 200-аас 300 хуудсыг бүтэн үзэхгүйгээр зүгээр яг тэр тэмдэглэсэн хэсгээ аваад л харчихдаг юм.

Харин номын сангийн ном дээр би тэгж тэмдэглэж, зурж болохгүй учраас номын санд сууж уншдаг номынхоо тэмдэглэлийг тусгай дэвтэр гаргаж хөтөлдөг юм.


-Яг одоо ямар ном уншиж байна вэ?

-Дэн Брауны “Мартагдсан бэлгэ тэмдэг”-ийг уншиж байна.

Ихэвчлэн одоо хувь хүний хөгжилтэй холбоотой номууд сэтгэл зүйн номууд уншдаг. Хувь хүний хөгжил гэхээр нийгэмд хүмүүстэй хэрхэн яаж харилцах. Хүмүүст харилцааны ямар асуудлууд тулгарч, түүнд сэтгэл зүйч ямар зөвлөгөөг өгсөн байна гээд унших дуртай. Өсвөр насны охин болохоор бас харилцааны чухал зөвлөгөөнүүдийг хайж эрж сурч уншдаг. Сүүлийн үед шинжлэх ухаан, танин мэдэхүй, судалгааны номуудыг сонирхож уншиж байгаа. Ер нь роман, үргэлжилсэн үгийн зохиолуудаас илүү бодит бус, үлгэрийн ч юм шиг, хийсвэр сэтгэлгээний, сэтгэл зүй, тархи, оюун ухааны холбогдолтой сонирхолтой судалгааны номуудыг шимтэн уншдаг болсон.

“Чиний бүтээсэн би” номыг уншиж байхад миний утас эвдэрчихсэн, би ямар ч утасгүй байсан. Тиймээс уйдсандаа эхэлж уншиж байсан юм. Тэгээд яг эхний 13 хуудсыг нь уншсаныхаа дараа Бурхан минь, энэ чинь одоо юу болоод байгаа юм бэ? Үүнээс цаашаа яах бол, гол дүрүүд үхэхгүй байгаасай гэж их санаа зовж байсан.


-Хөөх тийм үү, ер нь утас хэр үздэг вэ?

-Гар утас бол хэрэглээ шүү дээ. Өсвөр насны охин болохоор мэдээж утсаар олон зүйлийг эрж хайж үздэг. Өдөрт 2-3 цагийг шаардлагатай бол гар утсанд зориулдаг. Үүнийхээ хооронд буюу өглөө бүр уншиж байгаа номынхоо 10 хуудсыг нь уншаад хичээлдээ явдаг. Орой унтахаасаа өмнө уншиж байгаа номоо 1.30 минут хэртэй уншдаг. Заримдаа номдоо ороод удаан уншдаг. Оройн 21.00 цаг гэхэд унтдаг болохоор 20.00 цагаас хойш л номоо уншдаг. Өдөр тутмын хэвшил болсон доо.


-Ном уншдаг хүүхдүүд ирээдүйгээ эрт төлөвлөдөг гэдэг. Ирээдүйн мэргэжлээ сонгож амжсан уу?

-Би өнгөрсөн жил өөрийгөө сэтгэл зүйч болно гэж мөрөөдөж боддог байсан. Харин сүүлийн уншсан номуудтайгаа холбоотой, тэгээд сэтгэл зүйчийн талаар маш их судалгаа хийсэн. Өөрийнхөө хүсэл зорилгыг олох гэж бясалгал хийж ч үзсэн. Тэгээд яг 2025 он гарснаас хойш би тархи судлаач мэргэжлээр сурахыг хүсдэг болсон.


Тархи судлаач мэргэжил сонирхол татаж байгаа. Тархи судлаач, хиймэл оюун ухааны хамтарсан мэргэжлээр суралцъя гэж боддог болсон. Би 30, 40, 50, 60 настай болсон ч өөрчлөгдөхгүй мөрөөдөл зорилго бий. Энэ нь яг хүн шиг сэтгэл зүйтэй, хүн шиг уйлдаг, хэн нэгний түүхийг сонсоод ямар сэтгэл өвдмөөр юм бэ гээд уйлж чаддаг тийм хиймэл оюун ухааныг бүтээхийг мөрөөдөж байна. Хүмүүст ямар нэг зүйл тохиолдоход нь чи түүнийг мартаач ээ гэхээсээ илүү, ямар ч хүний сэтгэлийг ойлгодог тийм хүнийг бүтээх сэн гэж мөрөөддөг.


-Үе тэнгийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Номыг уншиж бай. Залхууралгүй, яг одоо л уншиж эхлээрэй гэж хэлмээр байна. Ангийнхандаа ном уншаарай, надтай хамт номын сан орох уу гэхээр, уучлаарай, би завгүй, уучлаарай би ном уншдаг төрлийн хүн биш гэдэг. Ном уншихад ямар төрлийн хүн байх нь хамаагүй шүү дээ. Хэрвээ чи яг өөртөө тохирсон номоо олоод уншчих юм бол түүнтэйгээ ижил номуудыг цаашдаа олсоор л байх болно. Ном уншихад чиний ямар төрлийн хүн, чиний нас, хүйс, харагдах байдал гээд юу ч саад болохгүй. Зүгээр л өөрийнхөө, өөртөө тохирсон сэтгэлийн чинь утсыг хөдөлгөж чадах тийм л номыг олж уншаарай гэж хэлмээр байна. Номтой хамт хөгжиж мөрөөдөх хамгийн сайхан шүү. 

-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Амжилт хүсье.


Улиастай сумын Бүрэн дунд III сургуулийн 9б ангийн сурагч Батсүхийн Ануболор

тархи судлаач мэргэжилтэй болох мөрөөдөлтэй, тэр өглөө бүрийг ном уншиж эхлүүлдэг

Холбоотой мэдээ