ХОВД: М.Сүбээдэй өдөр бүр номын сангаар үйлчлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-14 12:52:30

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Эрдмийн их далайд хөл тавьсан энэ бяцхан хүү бол Мөнгөнсүлдийн Сүбээдэй.  


Тэр өдгөө Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Зургаадугаар сургуулийн 2г ангид суралцаж байна.

М.Сүбээдэй өдөр бүр эмээ, дүүгийн хамт Нийтийн номын сангаар үйлчлүүлдэг. Тэр оньсого, үлгэр гээд олон төрлийн номыг сонирхон уншиж, уншсан номынхоо үйл явдлыг ярилцан, тэмдэглэл хөтөлж хэвшжээ.


Аймгийн Нийтийн номын сангаар тогтмол үйлчлүүлдэг, хамгийн идэвхтэй уншигч бөгөөд 2024 онд хамгийн олон ном уншсан хүүхэд бол М.Сүбээдэй юм.    


Түүний эмээ Л.Наранцэцэг хэлэхдээ, "Өдөрт заавал нэг цаг орчим хугацааг ном уншихад зориулдаг. Номын санд хүүхэдтэйгээ хамт үйлчлүүлдэг эцэг, эх, асран хамгаалагч цөөн бий. Ажлын цаг, хичээлийн хуваарь зэргийг зөв зохион байгуулж, ном уншихад цаг гаргаж байгаарай. Гэртээ ном уншихаас илүү номын сангаар үйлчлүүлэх нь илүү үр дүнтэй, хүртээмжтэй" гэлээ. 


Ховд аймгийн Нийтийн номын сан одоогоор 75 мянга гаруй номтой. Тус номын сангийн долоон танхимаар жилд дунджаар 44 мянга гаруй иргэн үйлчлүүлж байна. Эдгээр уншигчийн 80 гаруй хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид юм. 




Холбоотой мэдээ