Испанид худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөд 100 хувийн татвар ногдуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МАДРИД, 2025 оны нэгдүгээр сарын 14 /BBC/. Их Британи зэрэг Европын Холбооны /ЕХ/ гишүүн бус орнуудын иргэдийн худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөд 100 хүртэлх хувийн татвар ногдуулахаар Испани улс төлөвлөж байна.
Ерөнхий сайд Педро Санчес энэ тухай мэдэгдэхдээ “урьд хожид авч байгаагүй ийм арга хэмжээ нь тус улсын орон сууцны зах зээлд үүссэн онцгой нөхцөл байдлыг засаж залруулахад зайлшгүй шаардлагатай" гэлээ. Барууны орнууд "баян газрын эзэд ба ядуу түрээслэгч" гэсэн хоёр ангид хуваагдсан нийгмийг бий болгохгүйн тулд хүнд сорилттой тулгарч байна гэж тэрбээр хэлжээ.
Мадридад болсон эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ П.Санчес хэлэхдээ "ЕХ-ны гишүүн бус улсуудын иргэд 2023 онд Испанид 27 мянга гаруй үл хөдлөх хөрөнгийг амьдрахын тулд биш харин
мөнгө олохын тулд худалдаж авсан байна. Орон сууцны хомсдол үүсээд буй энэ үед үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймээс дээрх алхам нь орон сууцыг нэн түрүүнд Испанийн иргэдэд олгоход чиглэсэн” гэлээ.
П.Санчес татварыг хэрхэн ногдуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүйгээс гадна хуулийг батлуулахаар парламентад өргөн барих хугацааг дурдаагүй байна. Түүний засгийн газар уг саналыг “нарийвчлан судалсны дараа” эцэслэнэ гэж мэдэгджээ.
Испанид орон сууцны хүртээмжийг сайжруулахын тулд Ерөнхий сайдын даваа гарагт зарласан олон арга хэмжээний нэг нь татвар ногдуулахтай холбоотой юм. Түүнчлэн хямд орон сууцаар хангадаг түрээслэгчдийг татвараас чөлөөлөх, 3 мянга гаруй байшин барилгыг нийтийн орон сууцны байгууллагад шилжүүлэх, жуулчдыг байрлуулдаг орон сууцнуудад тавих зохицуулалтыг чангатгах, өндөр татвар ногдуулах зэрэг
багтаж байна.