ТӨВ: Өсвөрийн шигшээ баг жюү жицүгийн тэмцээнаас 27 багц медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-01-20 20:33:47

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээн нэгдүгээр сарын 18,19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, Төв аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид 8 алт, 12 мөнгө, 7 хүрэл медаль хүртжээ.


Тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, БНХАУ, Казахстан улсын 43 академи, клубийн 1071 тамирчин өрсөлдсөн байна.  


Төв аймгаас Биеийн тамир спортын газрын өсвөрийн шигшээ баг болон “Шилдэг жүдо” клубийн 33 тамирчин барилдаж, 28 тамирчин 27 багц медаль хүртсэн байна.


Түүнчлэн, жюү жицү бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний залуучуудын ангилалд 94 кг жинд А.Энх-Амгалан мөнгөн медаль хүртсэн бол тус жинд хүрэл медалийг Д.Мөнх-Оргил хүртжээ. Насанд хүрэгчдийн ангилалд 94 кг жинд Э.Пунсанцогвоо хүрэл медаль хүртсэн амжилттай байна.


Дасгалжуулагч Ц.Батзаяагаас тодруулахад, "Жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид болон Өндөрширээт сумын Б.Оргил дасгалжуулагчтай жүдо бөхийн өсвөрийн баг хамт олонтой хамтарсан бэлтгэлд гарсан. Энэ нь 2025 оны өвлийн анхдугаар нэгдсэн бэлтгэл байсан бөгөөд нийт 5 хоног 60 хүүхдийн бүрэлдэхүүнтэй гарсан. Энэхүү бэлтгэлийн үр дүнд Зуунмод сумын 19 тамирчин Өндөрширээт сумын 9 тамирчин медаль хүртлээ” гэв. 



Холбоотой мэдээ