ӨВӨРХАНГАЙ: Эртний эмэгтэйчүүдийн эдлэл хэрэглэл
ФОТО МЭДЭЭАрвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хархорум музейн сан хөмрөгт эртний эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл, хэрэглээний эд зүйлс бий.
АЛТАН БУГУЙВЧ
Хархорум хотын гар үйлдвэрлэлийн дүүргээс илэрсэн алтан бугуйвч хэвийн хамт. Бугуйвч дээр нисэж буй галт шувууг бадам цэцгийн дэлбээ мэт сүйхэлжин хэлбэртэй хээгээр хүрээлж, хоёр талд нь зээ бад дүрсэлсэн байна.
ГОО ЗАСЛЫН ХҮРЭЛ ЭДЛЭЛҮҮД
Монгол, Хятадын хамтарсан хээрийн шинжилгээний анги 2014 онд Жужаны (IV-VI зуун) үед холбогдох нэгэн булшийг Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг “Талын гурван хэрэм” хэмээх газраас илрүүлжээ. Уг булшнаас алтан чимэглэл, гоо заслын хүрэл эдлэлүүд, нумын ясан наалтын хэсгүүд олдсон байна.
ИНДҮҮ
Дотор нь халуун цог хийж, торго даавуу мэтийн зөөлөн эдлэлийг индүүдэхэд хэрэглэдэг шанага мэт хэлбэртэй, урт бариултай индүүг VIII-IX зуунтай холбон үздэг.
Ширмээр цутгасан, гадагшаа дэрвийсэн амсартай, дугуй хэлбэртэй, яльгүй бөмбөгөр, толигор ул бүхий толгойтой агаад нэлээд зэвэрч муудсан тул товойлгон цутгасан хээ чимэглэлийн байдлыг нарийн тодорхойлох боломжгүй боловч дундаа нэг, түүнийг тойрсон зургаа буюу нийт долоон үрлэн чимэгтэй. Түүнийг тойруулан давхар ховил татсан цэцгэн хээтэй байсан нь мэдэгдэж байна.