ТӨВ: Брайл цонх төслийг хэрэгжүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. "Брайл цонх" төсөл Төв аймагт хэрэгжиж, харааны бэрхшээлтэй 12 иргэнд 14 хоногийн хугацаатай брайл үсгийг зааж эхэллээ.
Төслийг Монголын хараагүйчүүдийн нийгэмлэгийн “Ариун
бичээс” нийгэмлэг, “Өгөөмөр сэтгэл нийгэмлэг” Төв аймгийн Засаг даргын тамгын
газар, Аз жаргалын өргөө хамтран зохион байгуулж байна.
Сургагч багш Б.Батчулуунаас тодруулахад, “Энэхүү төсөл нь анх удаа Төв аймагт хэрэгжиж байгаа бөгөөд энэ жил 5 аймагт хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Сургалтад харааны бэрхшээлтэй иргэд хамрагдсанаар мэдээ, мэдээлэл, ном зохиол гээд брайлаар бичигдсэн бүхий л зүйлийг унших боломжтой болох юм. Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэдийн цаашдын амьдрал нь идэвхтэй болох, баяр хөөртэйгөөр амьдрах боломжийг нээнэ” гэв.
Брайл бичиг хөдөлгөөн, орон зайн баримжааны багш Н.Анхбаяр, "Сүүлийн үед техник технологи хөгжиж харааны бэрхшээлтэй иргэдэд таатай
олон шинэлэг зүйлс бий болсон ч брайл бичгийг орхигдуулж болохгүй. Брайл бичиг
нь харааны бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох, суралцах нөхцөл боломжийг нээж
өгдгөөрөө давуу талтай” гэв.
Төв аймгийн хэмжээнд 3300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд үүнээс 412 иргэн нь харааны бэрхшээлтэй.