Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-23 17:32:26

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.


Энэхүү зөвлөгөөн нь Цагдаагийн алба болон Дотоодын цэргийн тухай хууль, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийн талаар удирдах ажилтнуудын дунд нэгдсэн ойлголт бий болгох, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шинэчлэлийг хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого зорилтоо тодорхойлох зорилготой юм.


Зөвлөгөөнд УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар урилгаар оролцож, зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд үг хэлэв. Энэ удаагийн зөвлөгөөнийг “Хамтдаа хөгжье” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд “Байгууллагын хөгжил, цаашдын чиг хандлага”, “Төрийн бодлого, хөгжлийн удирдлага”, “Мэргэжлийн удирдлага” үндсэн сэдвийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх ажил, үйл ажиллагааны талаар хэлэлцэх аж. Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдан ажилтын зөвлөгөөнд 220 удирдах албан тушаалтан оролцож байна.


Энэ үеэр ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны дарга, хурандаа Б.Оюутболд ярихдаа “Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өнөөдөр удирдах ажилтынхаа зөвлөгөөнийг хийж байна. Цагдаагийн байгууллагын 2025 оны дэвшүүлсэн зорилтын нэг нь гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг шуурхай хүлээн авч, дата мэдээлэлд суурилан шийдвэрлэх ажлыг сайжруулахаар тусгасан. Энэ чиглэлээр Хэрэг бүртгэх албаны тухайд харьяаллын гэмт хэргийн зөрчил иргэдээс ирсэн даруйд түргэн шуурхай шийдвэрлэх үүрэгтэй. Зөрчлийн тухай гомдол мэдээлэл ирвэл тав хоногийн хугацаанд, эрүүгийн шинжтэй гомдлыг 14 хоногт шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна. Ер нь цагдаагийн байгууллагад нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр гэмт хэргийн дуудлага, мэдээллийг хүлээн авч, хойшлуулшгүй ажиллагаа явуулах журам, код бий. Иргэдийн гомдлыг амаар, утсаар, албан бичгээр болон ИМонголиа, шуудан харилцаагаар авч байна. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авч, шуурхай шалгаж шийдвэрлэж байгаа юм. Иргэд  гомдлыг нь удаашруулж, чирэгдүүлж байна гэх гомдол гаргадаг. Тэгэхээр тухайн үйлдэл гэмт хэргийн шинжтэй болсон тохиолдолд хуулинд заасан хугацаанд шалгаж, шинжээчийн дүгнэлт гаргах, өөр бусад ажиллагааг явуулах шаардлагатай тохиолдолд иргэнд цаг алдалгүй тухайн гомдлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон, хаанахын харьяалалд шилжүүлэхээр болсныг утсаар болон биечлэн мэдэгдэж байна. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, хүний халдашгүй байдлын эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийн дуудлага ирж байна” гэв.



Харин ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан “Монгол Улсын үндсэн хуулийн 16-р зүйлийн 10-д иргэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал хийх эрхээр хангагдсан байдаг. 2024 онд Монгол Улсын хэмжээнд 230 гаруй жагсаал цуглаан болсон. Аливаа жагсаалын үеэр цагдаагийн байгууллага бусдын эрх, эрх чөлөөнд саад учруулахгүйгээр нийтийн хэв журмыг сахиулж, иргэдээ эрсдэлд оруулахгүй байхад онцгой анхаарч ажилладаг” гэлээ.












Холбоотой мэдээ