Д.Трамп: ДЭМБ-д эргэн нэгдэх талаар тунгаана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ковид-19 цар тахал болон олон улсад тулгамдсан эрүүл мэндийн бусад хямралыг зохицуулах чиглэлд хангалтгүй ажилласан гэх үндэслэлээр улс орноо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ бүрэлдэхүүнээс гаргахыг үүрэг болгосноосоо хойш хэдхэн хоногийн дараа тус байгууллагад эргэн нэгдэх талаар тунгаан бодож магадгүй гэдгээ мэдэгджээ.
“Бид энэ асуудлыг дахин тунгаан бодож магадгүй” гэж Д.Трамп
Лас-Вегаст бямба гарагт болсон цуглааны үеэр хэлжээ. Тэрбээр даваа гарагт тангараг
өргөснийхөө дараахан холбогдох баримт бичигт гарын үсэг зурснаар АНУ 2026 оны
нэгдүгээр сарын 22-нд ДЭМБ-аас гарахаар болоод байгаа юм.
АНУ бол ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч бөгөөд нийт
санхүүжилтийнх нь 18 орчим хувийг бүрдүүлдэг. ДЭМБ-ын хамгийн сүүлийн хоёр
жилийн төсөв буюу 2024-2025 оны төсөв 6.8 тэрбум ам.доллар байжээ. Д.Трамп Лас-Вегаст
цугларсан хүмүүст хандан хэлэхдээ, АНУ хүн ам ихтэй Хятадаас илүү их хөрөнгө мөнгийг
ДЭМБ-д зориулж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна тэрбээр Саудын Арабаас АНУ-д оруулах хөрөнгө
оруулалтын хэмжээг 1 их наяд ам.доллар болгож нэмэгдүүлэхийг Саудын Арабын
талаас хүснэ гэж нэмж хэлжээ. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед
бин Салман өнгөрсөн долоо хоногт Д.Трамптай уулзахдаа Хаант улс ирэх дөрвөн жилийн
хугацаанд АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хүсэлтэй байгааг
мэдэгдсэн билээ.