Боловсрол соёл урлагын удирдах ажилтныг чадваржуулах сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Цэцэрлэг хотноо Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр сургууль дээр аймгийн БСУГ, “Дэлхийн зөн” ОУБ-ын нийттэй харилцах хэлтсээс орон нутгийн боловсрол соёлын байгууллагуудын харилцаа, хандлагын өөрчлөлтийг дэмжих, тэднийг удирдахуйн ухааны сүүлийн үеийн мэдээлэл арга технологитой харьцуулж, хамт олныг хөгжүүлэх, манлайлах асуудлыг эерэгээр шийдвэрлэх арга барилын талаар туршлага солилцох зорилгоор удирдах ажилтныг чадваржуулах сургалтыг хамтран зохион байгууллаа.
2016 оны аравдугаар сарын 20-21-ний өдөр болсон уг сургалтын үеэр 2016-2020 оны Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийн талаар БСУГ-ын дарга Ц.Мөнхбат танилцууллаа. Түүнчлэн боловсролын хууль болон бусад хууль эрхзүйн шинэчлэгдсэн мэдээллүүдийг ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн мэргэжилтнүүд өглөө.
Удирдах ажилтны ёс зүйн харилцаа хандлагаар сорил, лекцийг БСУГ-ын мэргэжилтэн Ж.Дэнсмаа, байгууллагын хөгжлийн төлөвлөлт хийх арга зүйн дадлага мэдээллийг мэргэжилтэн Х.Дэлгэрмаа, байгууллагын хөгжилд удирдлага мэдээллийн системийг ашиглах тухай мэргэжилтэн Н.Батсайхан “Сургууль, цэцэрлэг, соёлын төвийн төсөв санхүүгийн нээлттэй байдал, иргэдийн оролцоо” – сэдвээр мэргэжилтэн С.Алтай яриа танилцуулга хийсэн юм.
Сургалтанд Архангай аймгийн сургууль, цэцэрлэг, соёлын төвийн 91 захирал эрхлэгч хамрагдаж, асуулт хариулт өрнүүлж байна. Энэ арга хэмжээнд нийт 3,650 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ.
Л.Булган