Үүдэл эсээс зүрхний булчин ургуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНБЕРЛИН, 2025 оны нэгдүгээр сарын 31 /MedicalXpress/. Германы эрдэмтэд лабораторийн нөхцөлд ургуулсан зүрхний булчинг зүрхний дутагдалтай өвчтөнд шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийжээ.
“BioVAT-HF-DZHK20” хэмээх эмнэлзүйн туршилтыг хийсэн судлаачид зүрхний хүнд хэлбэрийн дутагдлыг эмчлэх шинэ аргыг боловсруулж байна. Тэд өвчтэй зүрхний ажиллагааг сэргээхийн тулд “зүрхний нөхөөс”-ийг (engineered heart muscle, EHM) ашиглажээ. EHM нөхөөс бол лабораторид ургуулсан зүрхний булчин юм.
Уг булчин нь дахин программчилсан плурипотент үүдэл эсээс (induced pluripotent stem cell, iPSC) гарган авсан зүрхний үүдэл эсүүдээс бүрддэг бөгөөд эдгээр эсийг эмалан буюу коллагений гидрогельд нэгтгэн угсарчээ.
Судлаачид эмнэлзүйн туршилтыг хийхээсээ өмнө эл технологийг макака сармагчингууд дээр туршиж, амжилттай болсны дараа эмнэлзүйн туршилт хийх зөвшөөрлийг авсан байна.
200 сая хүртэлх тооны эсийг агуулдаг “нөхөөсийг” суулгаснаар зүрхний шинэ эдүүд бий болж, ажиллагаа нь сэргэдэг ажээ. Шилжүүлэн суулгасан эсүүд нь дархлаа суларсан үед сайтар дасан зохицож, зүрхний шахах ажиллагааг сайжруулж байсныг дүрс оношилгоо болон дээжийн шинжилгээ харуулжээ.