Үндэсний үйлдвэр эрхлэгчдэд татварын уян хатан бодлого, зохицуулалт хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-02 13:15:33

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын захирамжаар Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэл сэдвээр цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж, жижиг дунд аж ахуйн нэгжийн төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүллээ.


Татварын хуулийг ойлгомжтой болгох, шинэчлэх, хувь хүний ​​орлогын албан татварыг боловсронгуй болгох, нийгмийн өөрчлөлттэй уялдуулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг тодорхой асуудлыг шийдэхэд хэрэглэх аргачлал зэргийг олон улсын туршлагатай харьцуулснаа ТМЗН-ийн Тамгын газрын дарга, ТМЗ, Аудитор, Татварын шинжээч Г.Хишигзул танилцууллаа.


Оролцогчид үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулахад зайлшгүй тусгах саналаа хэлсэн юм. Тухайлбал,татварын шинэчлэл хийхдээ эдийн засгийн бодлогоор бизнесийг дэмжих, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглүүлэх, татварын тэгш, шударга зарчмыг хангах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг хэлж байлаа


Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын удирдлагууд, Татварын ерөнхий газар, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зэрэг 80 орчим хүн оролцжээ.

Сангийн яамны мэдээлснээр, 2023 оны байдлаар 158 мянга гаруй аж ахуйн нэгжийг хамруулан судалгаа хийхэд нийт төлж буй татварын дундаж ачаалал 10.1 хувьтай байна гэжээ. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж орлогынхоо ийм хувийг татварт төлдөг гэсэн үг. Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд 5-6, томоохон аж ахуйн нэгжийн хувьд 12.8 хувийн татварын ачаалал байна гэжээ.

Холбоотой мэдээ