ДАРХАН-УУЛ: Төслийн хүрээнд органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. АДРА Монгол олон улсын байгууллагын санхүүжилттэй “Органик хөдөө аж ахуйн түншлэл-2” төсөл төвийн бүсэд хэрэгжиж байна. Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тэлж, орон нутгийн хүнсний нийлүүлэлт, борлуулалтын үр ашигтай сүлжээг бий болгох замаар тухайн үйлдвэрлэл эрхлэгчдийн амьжиргааг сайжруулах зорилготой төсөл юм.
“Органик хөдөө аж ахуйн түншлэл-2” төсөлд тус аймгийн 10 хоршоо хамрагдаж байна. Эдгээр хоршоо нь эрүүл хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоо, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, цаашлаад өөрсдийн туршлагыг бусадтай хуваалцах, органик үйлдвэрлэл эрхлэгчдийн хүрээг өргөжүүлэхээр ажиллаж байна.
Газар тариалангийн бүс нутагт уг үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, органик хүнсний нийлүүлэлтийн сүлжээг сайжруулахад чиглэсэн үйлдвэрлэлийн хэмжээ, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэхэд орон нутгийн шийдвэр гаргагчидтай төслийн багийнхан хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Төслийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд талууд уялдаа холбоогоо сайжруулан судалгаа явуулж, дараагийн үйлдвэрлэл эрхлэгчдийг бодитой, үр дүнтэй ажиллахад анхаарах хэрэгтэйг онцлов.
Ташрамд, органик бүтээгдэхүүн гэдэг нь зохиомол аргаар нийлэгжүүлсэн химийн бодис, эрдэс бордоо, пестицид, антибиотик, өсөлтийн даавар, хувиргасан амьд организм, цацраг туяа хэрэглээгүй, уламжлалт, биологи ба механик арга технологиор нөөцийг зохистой ашиглаж, экосистемийг тэнцвэржүүлж, биологийн олон янз байдлыг дэмждэг үйлдвэрлэлийн үр дүнг хэлнэ.



