БУЛГАН: Нийт иргэний 87,73 хувьд тоон гарын үсэг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-02-06 13:17:15

Булган, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Хурдан” цэгээс операторын горимоор төрийн 43 байгууллагын 918 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар Булган аймгийн 16 сум, 1 тосгонд 9249 үйлчилгээ, аймгийн төвд 11789, нийт 16711 иргэн төрийн цахим үйлчилгээний хэлтэс "Хурдан" төвөөс төрийн үйлчилгээг авсан байна.


Булган аймаг 62 мянган хүн амтай. 2024 оны эцсийн байдлаар цахим хэрэглэгчийн тоо 34211 буюу хүн амын 55.15 хувь, E-Mongolia апликейшн хэрэглэгчдийн тоо 28769 буюу 84 хувь, E-Mongolia веб сайт хэрэглэгчдийн тоо 16916 буюу 49.5 хувь, ТҮЦ машинаар үйлчилгээ авсан 8.967 иргэн, КИОСК машинаар авсан үйлчилгээ 17131, нийт давхардсан тоогоор 57791 хүн төрийн үйлчилгээг цахимаар авсан байна. 


Монгол Улсын 16 нас хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг 5 жилийн хугацаатай олгохоор тусгасан байдаг. Үүний дагуу тус хэлтэс 2024 оны нэгдүгээр сараас тоон гарын үсгийг олгож эхэлсэн байна.


Аймгийн хэмжээнд нийт 43,381 иргэнийг тоон гарын үсэгтэй болгохоор тооцсон бөгөөд 2023 онд 8514 иргэн буюу 19,5 хувь, 2024 онд 31300 буюу 68,23 хувь нийт иргэдийн 87,73 хувьд тоон гарын үсэг олгосон байна.


Иргэд тоон гарын үсгийг хурдан киоск, хаан банк, төрийн банк киоск, Улаанбаатар хотын болон Булган аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн Хурдан төвөөс үнэ төлбөргүй авах боломжтойг Булган аймгийн төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Булган мэдээллээ.






Холбоотой мэдээ