Дэлхийд хамгийн том лазерын байгууламжийг Хятадад барьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-02-06 17:41:12

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 6 /CNN/. Хятадын баруун өмнөд нутагт орших Миньян хотын хад асгатай газарт X хэлбэртэй асар том байгууламж барьж байгааг хиймэл дагуулын зургууд харуулжээ. 


Энэ нь цөмийн синтезийн судалгааны асар том төвийн барилга бөгөөд Хятад улс цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах эрэл хайгуулдаа нэг алхам урагшилж байгааг, мөн тус улс цөмийн зэвсэг бүтээх ажлаа эрчимжүүлснийг илтгэж байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. 


2020 онд уг талбай нь "хэсэг газарт тогтсон шавар шавхай" мэт харагдаж байжээ. Харин ковидын хорио цээрийг цуцалснаас хойш барилгын ажил хурдацтай явагдаж байна. “CNA Corporation” гэдэг Америкийн судалгааны байгууллагын шинжээч Декер Эвелет уг төслийг "лазерын синтезийн" байгууламж гэж тодорхойлжээ.


Хэрэв үнэхээр лазерын байгууламж мөн бол “оддын цөмд эсвэл цөмийн зэвсэг дэлбэрэх үед явагддаг даралтыг” бий болгох боломжийг эрдэмтэд олгоно гэж Лондоны Эзэн хааны коллежийн инерцийн нэгдлийн судалгааны төвийн судлаач Брайан Аппельби хэллээ.


Д.Эвелетийн үзэж байгаагаар, хиймэл дагуулын зурагт харагдаж буй аварга том хэрээсний дөрвөн хэсэг нь устөрөгчийн изотоп агуулсан тасалгаа бүхий өндөр төв цамхаг руу лазераар галладаг хэсгүүд ажээ. Лазерын энерги нь устөрөгчийг хооронд нь нийлүүлж, гал асаах процесст энергийн тэсрэлт үүсгэдэг.


Цөмийн синтез нь хог хаягдалгүйгээр их хэмжээний цэвэр эрчим хүч үйлдвэрлэх орчин үеийн цөмийн эрчим хүчний технологи юм. Дэлхийн улс орнууд, компаниуд энэ технологийг эзэмшихийн төлөө өрсөлдөж байна. 


Миньян хот дахь Хятадын судалгааны төв нь Америкийн NIF төвөөс 50 орчим хувиар том байх бөгөөд ашиглалтад орсныхоо дараа ийм төрлийн хамгийн том байгууламж болно гэж шинжээчид таамаглажээ. 

Холбоотой мэдээ