Газрын тос боловсруулах үйлдвэрийн лицензтэй технологийн байгууламжуудын инженерчлэл, барилга угсралтын гэрээ байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-06 17:03:55

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сүүлийн буюу Лицензтэй технологийн байгууламжуудыг барьж байгуулах ерөнхий гүйцэтгэгч компаниар шалгарсан Энэтхэгийн “Megha Engineering and Infastructures Ltd” компанитай өнөөдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгуулжээ.


Газрын тос боловсруулах үйлдвэр нь нийт 12 технологийн байгууламжтай байх бөгөөд эдгээрийн долоо нь гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламж аж. Уг долоон байгууламжийг барих ажлыг дээрх гэрээний дагуу Энэтхэгийн MEIL компани гүйцэтгэхээр болж байна. Уг багц ажилд хамаарах гүн боловсруулалтын технологийн байгууламжуудыг Франц, Итали, АНУ, Нидерландын компаниудын технологийн лицензээр барина. Лиценз эзэмшигч компаниуд өөрийн технологийн байгууламжуудын зураг төслийг боловсруулж дуусгасан байна. Тодруулбал,

Устөрөгчийн үйлдвэр-Италийн “Kinetics Technology”

Хүхэр ялгах байгууламж-Францын “Axens”

Бензин боловсруулах байгууламж-АНУ-ын “UOP Honeywell”

Гидрокрекинг-АНУ-ын “UOP Honeywell”

Дизелийн гидро цэвэрлэгээ-АНУ-ын “UOP Honeywell”

Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжууд-АНУ-ын “UOP Honeywell”

Висбрекинг-Нидерландын “Shell” компанийн лицензээр тус тус байгуулах юм.


Энэтхэг төдийгүй олон улсад нефть-химийн болон дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг, 34 жилийн туршлагатай MEIL компанийн хувьд гэрээнд тусгасны дагуу дээрх долоон байгууламжийг 36-38 сарын хугацаанд барьж дуусгана. Энэтхэгийн Засгийн газрын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь технологийн бус барилга, атмосферийн болон вакуум нэрлэг, ханасан хий ялгах байгууламж дагалдах, туслах байгууламжууд, үйлдвэрийн дулааны цахилгаан станц, лицензтой технологийн байгууламж гэсэн дөрвөн багц ажлаас бүрдэн хэрэгжиж буй юм байна.


Эхний багцад хамаарах есөн барилга байгууламж, цахилгаан болон ус хангамжийн систем, үйлдвэрийн талбай дахь дэд бүтцийн ажил бүрэн дуусаж, 2024 оны арваннэгдүгээр сард улсын комисс хүлээн авчээ. Харин хоёр болон гурав дахь багцын байгууламжуудын шугам хоолойн эстакад, технологийн зуухны суурийн бетон цутгалтын ажлууд дуусаж, ган бүтээцийн угсралтын ажлыг удахгүй эхлүүлэх аж.  Тэгвэл үйлдвэрийн дулааны цахилгаан станцын удирдлагын болон дэд станцын барилгын суурийн цутгалтыг хийж, үндсэн бүтээцийн ажил дуусаж байгааг холбогдох албаныхан мэдээлэв. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд өнөөдрийн байдлаар Монгол, Энэтхэг, Хятад, Итали, Франц, АНУ, Канад, Нидерланд, Испани зэрэг орны 1000 гаруй инженер, мэргэжилтнүүд ажиллаж байна. 





Холбоотой мэдээ