СҮХБААТАР: Ахмадын хороог урлаг, спортын заалтай болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 55-аас дээш насны эмэгтэй, 65-аас дээш насны эрэгтэй
8000 гаруй ахмадтай. Сүүлийн жилүүдэд ахмадуудаас хамгийн ихээр гарч буй санал болох урлаг, спортын заалны
асуудлыг орон нутгаас шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Тодруулбал, ахмадын ордонд өргөтгөл хийж заал барина. Барилгын зураг төслийг гаргаж, ирэх оны төсөвт суулгахаар болов.
Аймгийн ахмадын ээлжит бага хурлаар Д.Шижирбаатарыг Сүхбаатар аймгийн Ахмадын хорооны даргаар сонгогдсоныг Монголын Ахмадын холбоо батламжилжээ. Ийн хорооны дарга, тэргүүлэгчид шинэчлэгдсэнтэй холбоотойгоор аймгийн Засаг
дарга М.Идэрбат ахмадын хорооны удирдлагуудтай уулзаж, байгууллагын үйл ажиллагаатай нь танилцлаа.
Ахмадын
хороо нь дарга болон
долоон тэргүүлэгчтэй. Нийт ахмадын 60 хувь нь аймгийн төвд амьдардаг. Ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр анхаарч, төрийн байгууллагууд ахмадын шинэ хуулийн хэрэгжилтийг ханган ахмадын сангаа байгуулж ажиллах тал дээр дутмаг байгаа учир үүнд анхаарлаа хандуулж, удирдлагуудад нь үүрэг чиглэл өгөхийг аймгийн Засаг даргаас хүслээ.
Тус
ахмадын хороо 2025 оныг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, нэгдсэн эмнэлэгтэй
хамтран ажиллаж эхэлснийг хорооны дарга Д.Шижирбаатар танилцууллаа.
Орон нутгийн ахмадууд нумт харваа, дасгалт бүжиг, спорт алхаа зэрэг төрлөөр улс, бүсдээ тэргүүлдэг. Гэвч заал талбайн хангамж муу учир одоогоор хорооны нэг өрөө тасалгаанд бэлтгэл сургуулилалт хийж байгаа гэв.