Америкийн гүйгчид битүү цэнгэлдэхэд дэлхийн рекордуудыг эвджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-02-10 10:45:34

НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 10. /TASS/. Бямба гарагт Нью-Йорк хотын битүү цэнгэлдэх хүрээлэнд болсон Millrose Games тэмцээний үеэр АНУ-ын хөнгөн атлетикч Грант Фишер 3000 м-ийн зайд дэлхийн дээд амжилтыг тогтоолоо.


Тэрбээр уг зайг 7 минут 22,91 секундэд туулснаар 2023 оны хоёрдугаар сард Этиопын гүйгч Ламече Гирмегийн тогтоосон 7 минут 23,81 секундийн дэлхийн рекорд амжилтыг эвдсэн байна. Тус зайд хоёрдугаар байрт орсон Америкийн тамирчин Коул Хокер 7 минут 23,14 секундийн амжилт үзүүлсэн нь мөн дэлхийн өмнөх рекордоос давлаа.


Түүнчлэн нэг бээрийн /1609 м/ зайн гүйлтэд Америкийн гүйгч Яред Нугузе 3 минут 46,63 секундийн амжилтаар дэлхийн рекордыг эвдлээ. Хоёрдугаар байрт мөн Америкийн тамирчин Хоббс Кесслер /3.46,90/ оржээ. Дэлхийн өмнөх дээд амжилтыг Этиопын тамирчин Йомиф Кежелчей 2019 оны гуравдугаар сард 3 минут 47,01 секундээр тогтоосон юм.


Өдгөө 27 настай Г.Фишер Парисын Олимпын 5000 м ба 10 000 м-ийн зайд хоёр хүрэл медаль хүртсэн байна. Харин 3000 м-ийн зайн гүйлт Олимпын төрөлд багтдаггүй ажээ.  

Холбоотой мэдээ