Монгол нүүдэлчин өвлийн фестивал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Нүүдлийн ахуй, соёлын өвийг олон нийт, ялангуяа хүүхэд, залууст танин мэдүүлэх, өвлийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээг хөгжүүлэх зорилгоор "Монгол нүүдэлчин өвлийн фестивал-2025"-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2025 оны 2 дугаар сарын 16-22-нд зохион байгуулна.
Одоогоор бэлтгэл ажил 50 хувийн
гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Засгийн газраас 2023-2028 оныг "Монголд
зочлох жил" болгон зарлаж, улирлын хамаарлыг бууруулах, дөрвөн улирлын
аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Монгол”
нүүдэлчин өвлийн фестивалыг соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд
хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, мазаалай баавгайг хамгаалах зорилготой
өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Фестивалд иргэд ая тухтай оролцох
боломжийг хангах үүднээс өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд мөсөн
сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга зэрэг өвлийн спортын үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжтой.
Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаагаар саатан морилохыг ССАЖЗЯ урьж байна.