БУЛГАН: Соёлын ордны хамт олон үндэсний бичгийн хичээлд тогтмол хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Булган сумын соёлын ордны хамт олон хос бичигтэн байгууллага болох зорилгоор үндэсний бичгийн хичээлийг 7 хоног бүрийн мягмар гарагт 8:00 цагаас тогтмол зохион байгуулж байна.
Албан хаагч бүр нэг сарыг сонгон авч бусдадаа үндэсний бичгээр унших, бичих хичээлийн материал бэлтгэн ирж, нэг цагийн хичээл заах бөгөөд албан хаагчдын ирц, гэрийн даалгавар зэргийг бүртгэн сарын эцэст идэвхтэй суралцсан нэг суралцагчийг урамшуулах ажээ. Сургалтад албан хаагчид үндэсний хувцсаа өмсөж ирэх бөгөөд өглөөний дасгал хийж өдрийг эхлүүлдэг.
Хоёрдугаар сарын сургалтыг Номын санч Ж.Маралмаа хариуцан зохион байгуулж байна.
Булган соёлын ордны номын санд үндэсний бичгээр хэвлэгдсэн нэн чухал анхан шатнаас эхлэн уншихуйц үлгэр, өгүүллэг, тууж, роман, яруу найраг, комикс номууд байгааг сургалтдаа өргөн ашигладаг.
Энэ улирлаас эхлэн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг хамт олноороо захиалж, улс орны болон дэлхийн мэдээллийг үндэсний бичгээрээ уншиж, бидний өдөр тутам ашиглах ширээний хэвлэл байх болно хэмээн соёлын ордны захирал Ц.Энхтуяа ярилаа.