ДОРНОГОВЬ: Үндэсний бичгийг хэрэглээ болгох ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-02-12 08:52:09

Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 12/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал үндэсний бичгийг хэрэглээ болгох ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргалаа.


Төрийн албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр хөтөлж буйтай холбогдуулан монгол бичгийг төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, үндэсний бичгийг хэрэглээ болгох ажлыг орон нутагт эрчимжүүлэхийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж сумдын Засаг дарга нарт  даалгасан байна.


Мөн аж ахуйн нэгж байгууллагын нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан, эсвэл дангаар нь бичиж хэвших ажлыг зохион байгуулахыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд, иргэд, олон нийтэд уриалжээ.


Үүнээс гадна иргэд, олон нийтэд монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, монгол хэл, бичгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гаргах, сургалт зохион байгуулах, монгол хэл, бичгийн хэм хэмжээг дагаж мөрдөх талаар сурталчлах, уриалах ажлыг зохион байгуулахыг даалгасан байна.


Монгол Улсын Монгол хэлний тухай хууль, “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны  96 дугаар тогтоол, “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх тухай” Засгийн газрын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний гуравдугаар хуралдааны тэмдэглэл, “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 165 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дээрх албан даалгаврыг гаргажээ.


Дорноговь аймагт 96 байгууллага албан хэргийн маягтаа монгол бичгээр хэвлүүлэн үйл ажиллагаандаа ашиглаж байна. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 120 гаруй төрийн байгууллагаас 96 нь албан хэргээ хос хэлбэрээр хослуулан хөтөлж байгаа юм.

Холбоотой мэдээ