ЭМГЭНЭЛ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-12 17:38:44

ӨЛЗИЙБАЯРЫН ОТГОНБААТАР

/1976-2025/


Монголын сэтгүүл зүйн нэгэн тод төлөөлөл, бидний анд нөхөр Өлзийбаяр овогтой Отгонбаатар 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр өвчний учир таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз, уй гашуу тохиолоо.


Тэрээр 1976 онд Улаанбаатар хотноо айлын 5 дахь хүү болон мэндэлж, 1994 онд ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийг төгсөж, улмаар МУИС, Утга зохиолын дээд сургуульд суралцан сэтгүүлч мэргэжил эзэмшжээ. Ө.Отгонбаатар Монголын хүүхдийн ордны Драмын дугуйланд суралцахын зэрэгцээ Монголын үндэсний радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн юм. Ийгл телевизийн анхдагчдын нэг болон 1998-1999 онд сурвалжлагч, МҮОНРТ-ийн ММ агентлагт 1999-2004 онд сурвалжлагч, тоймч, 2006 онд захирал, ТВ9 телевизэд 2004-2006 онд Мэдээний албаны дарга, С1 телевизэд 2006-2012 онд Мэдээний албаны дарга, ТВ10 телевизэд 2012-2015 онд Гүйцэтгэх захирал, ТВ5 телевизэд 2016 оноос Ерөнхий редактороор тус тус ажиллаж байв.


Тэрээр сэтгүүлчийн цаг наргүй хөдөлмөрөөс гадна авьяас сонирхлоо нээн харуулж, Монголын үндэсний телевизийн урын сан дахь таван анги бүхий “Мятрашгүй Жулиа” киноны Жулиагийн хүү, “Буржгар үст Сюзан” киноны гол дүр зэрэг орчуулгын 10 гаруй кинонд дуу оруулжээ. Ө.Отгонбаатар МҮОНТ-ийн “Сүлд”, “Ярилцъя”, ТВ5 телевизийн “Сар шинийн эгшиглэн”, “Долоо хоногийн тойм” зэрэг үзэгчдэд танигдсан олон арван нэвтрүүлгийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн хүргэж, олны талархал, хүндлэлийг хүлээсэн сэтгүүл зүйн нэгэн үеийн том төлөөлөгч байлаа.


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчөөр 2022 онд сонгогдон хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүйн төлөө тууштай тэмцэж, сэтгүүлч нэг бүрдээ туслах, мэргэжлийн эрх ашгийг нь хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр ажилласны зэрэгцээ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлуулах үйл хэрэгт тууштай зүтгэж байлаа.

Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлэн “Ган үзэгтэн”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Радио, телевизийн тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, хөдөлмөр бүтээлийг нь төрөөс үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.


Сэтгүүлч Ө.Отгонбаатарын мэргэжлийн өндөр ёс суртахуун, торгон мэдрэмж, арвин туршлагаар урласан бүтээлүүд нь Монголын сэтгүүл зүйд өв болон үлдэж, түүний хүнлэг зан чанар, өгөөмөр нинжин сэтгэл, хөдөлмөрч, нийтэч зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.


Талийгаачийн гэр бүл, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 


МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН МОНЦАМЭ АГЕНТЛАГ

Холбоотой мэдээ