Эваристе Коуасси-Комлан: Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ![](/files/67ac6542111a2.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга А.Баяр “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзжээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр 21 аймаг, 330 суманд ажилласан эрхэмтэй дахин уулзсандаа баяртай байгаагаа тэмдэглээд, монгол хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч хөгжих хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Харин ноён Эваристе Коуасси-Комлан Монгол Улсад агаар, ус, хөрсний бохирдлын улмаас хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх байнга зөрчигдөж байгааг онцоллоо.
Тэрбээр Монголд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд D витамин болон хоол тэжээлийн дутлаас үүдсэн архаг цус багадалт их байгаа нь бусад өвчинд өвчлөмтгий байх суурь нөхцөл болж байна. Мөн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд ажиллах зайлшгүй шаардлага бий. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах болон амьдрах орчныг сайжруулах, эрүүл монгол хүний төлөө хамтарч ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв. Түүнчлэн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан монгол хүүхдэд тулгарч буй асуудал, боловсролын тэгш бус хүртээмж, хоол тэжээлийн дутагдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмийн чанар, хүчирхийлэлгүй, айдасгүй, аюулгүй орчин гэх мэт хот, хөдөөгийн хүүхдүүдийн бодит нөхцөл байдлын талаарх судалгаа, мэдээллийг танилцуулжээ.
НИТХ-ын дарга А.Баяр, “Эрүүл, аюулгүй, хүчирхийлэлгүй өрх айл бол Монголын хамгийн том баялаг. Тиймээс хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Мөн утааг бууруулах богино хугацааны зорилгод 20 мянган айлыг яндангүй болгохоор LPG газ руу шилжүүлэх ажил эхэлсэн. Цаашид яндангүй айлын тоог 50 мянгад хүргэх, 10 мянган өрхийг нарны панелжуулах зэрэг утааг бууруулах, эрчим хүчний олон талт эх үүсвэртэй холбох чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байна" гэв.