ХӨСҮТ: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД![](/files/67aec2fe8d89d.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллийн үеэр томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд хэвээр байгааг мэдээлэв.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Вирус судлалын тасгийн эрхлэгч, доктор Ц.Наранзул, "2025 оны 6 дугаар долоо хоногийн вирус судлалын тандалтын мэдээгээр, сүүлийн 7 хоногт вирусний тархалт, судлалгаанд хамрагдсан шинжлүүлэгчдийн 60.9 хувьд зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрсэн. Вирусний тархалтын дүнг өмнөх долоо хонгийнхтой харьцуулахад 18.9 хувь өссөн байна. Энэ нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хөдөлгөөнтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. 6 төрлийн эмгэг төрүүлэгч илэрснийг хувиар тодорхойлбол, реновирус, амьсгалын замын синцитиал вирус тус бүр 3.2 хувийг эзэлж байна” гэв.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэхдээ, “Ковидын цар тахлаас хойш амьсгалын замын тандалтыг өргөтгөж хийдэг болсон. Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд хэвээр байна. Насны хувьд томуу, томуу төст халдвараар 5 хүртэлх насныхан өндөр хувийг эзэлж байна. Өвчлөлийн хөдлөл зүйг улс, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд авч үздэг. Улсын хэмжээнд томуу, томуу төст халдвар 10 мянган хүн ам тутамд 56.8 тохиолдол буюу өмнөх долоо хоногийнхоос 5.1 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт 17 аймагт алаг цоог дэгдэлттэй, дөрвөн аймагт халдвар идэвхтэй байдалтай байна. Иймд бид халдвар идэвхтэй илэрч буй аймгуудын эрүүл мэндийн байгууллагууд руу зөвлөмж хүргүүлсэн” гэв.
Мөн тэрбээр менингококкт халдвараар манай улсад 2007, 2013, 2019 онд олон хүн өвчилсөн дэгдэлт байдлаар бүртгэгдсэн. Энэхүү халдвар 1-5 дугаар сард бүртгэгддэг. Сүүлийн 10 жилийн хөдлөл зүйгээр авч үзвэл, гурав болон тавдугаар сард хамгийн их халдвар гарчээ. Удахгүй Цагаан сарын баяр болно. Иймд иргэд худалдаа үйлчилгээниий газруудаар үйлчлүүлэх болон битүү орчинд амны хаалт зүүх, хоолойгоо зайлж хэвших хэрэгтэйг зөвлөв.
Түүнчлэн албан
байгууллага, айл өрх бүр хоёр цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх, агаар сэлгэх, гараа угаах, зовуурь илэрвэл эмчид хандан эмнэлгийн тусламж авах
шаардлагатай. Мөн дархлаагаа сайн дэмжих, хувцсаа тохируулан өмсөх зэргээр энгийн аргыг амьдрал
ахуйдаа хэвшил болгохыг зөвлөсөн юм.