Италийн уран гулгагчийн эрхийг 6 жилээр хасжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 17 /РИА Новости/. Сэргээшийн шинжилгээний сорьцод нь анаболик стериод клостебол гэдэг бодис илэрсэн тул Испанийн уран гулгагч эмэгтэй Лаура Баркерогийн тэмцээнд оролцох эрхийг 6 жилийн хугацаагаар хасжээ.
Тэрбээр Марко Зандронтай хамт 2022
оны Бээжингийн Олимпод оролцож, богино үзүүлбэрийн төрөлд 11 дүгээр байр эзэлж байжээ. Олимпын
үеэр түүнээс авсан сэргээшийн шинжилгээний сорьцод клостебол илэрсний дараа
Баркеро мэдэгдэхдээ, ширээнийх нь шургуулганд бусад эд зүйлтэй хамт байсан нэгэн тосыг хэрэглээгүй хэдий ч уг тосонд
агуулагдах клостебол гэдэг бодис биед нь нэвтэрснийг хүлээн зөвшөөрчээ. Ингээд
2022 оны 9 дүгээр сард түүний эрхийг нэг жилээр хассан байна.
Тэрбээр 2023 онд сэргээшийн
шинжилгээнд дахин бүдэрч, биеэс нь мөн л клостебол илэрчээ. Үснээс нь авсан
сорьцын дүнг үзвэл, арьсанд нь санамсаргүй байдлаар уг хориотой бодис нэвтэрсэн
байх магадлал өндөр байв. Гэтэл Баркеро шалтгааныг тайлбарлаж чадаагүй ажээ.
Ингээд Спортын арбитрын шүүх
түүнтэй холбоотой хэргийг 2 жил 8 сарын турш хэлэлцсэний эцэст Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /ВАДА/
болон Олон улсын тэшүүрийн холбооноос
Испанийн уран гулгагчийн эрхийг 2028 оны хоёрдугаар сарын 21 хүртэл
хасахаар шийдвэрлэсэн байна.
Хэсэг хугацааны дараа “сорьцод нь клостебол гэдэг хориотой бодис хоёр
удаа илэрсэн боловч сэргээшийн эсрэг дүрэм журмыг санаатайгаар зөрчөөгүй” гэж үзээд Баркерогийн эрхийг
хассан хугацааг богиносгожээ. Хэрвээ санаатайгаар хэрэглэсэн бол 12 жил хүртэлх
хугацаагаар эрхийг нь хасах байв. Хоёр жилийн турш тэмцээнд оролцоогүй тэрбээр 2024
оны долоодугаар сард хамтрагчтайгаа дахин гулгахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан дурдахад, өнгөрсөн бямба гарагт Дэлхийн сэргээшийн
эсрэг агентлагаас сорьцод нь клостебол илэрсэн Италийн теннисчин, дэлхийн
чансааг тэргүүлж буй Янник Синнерийн тэмцээнд оролцох эрхийг гурван сарын
хугацаагаар хасах шийдвэр гаргажээ.
Тэрбээр мэдэгдэхдээ “сэргээштэй холбоотой хэрэг оны эцэс хүртэл сунжирч магадгүй
тул гурван сарын хугацаагаар эрх хасах ВАДА-гийн шийдвэрийг хүлээж авсан” гэсэн
байна. Теннисчний туслах багт ажилладаг нэгэн эмч өдөр бүр иллэг хийхдээ клостебол
агуулсан цацлагыг хэрэглэж байсан тул санамсаргүй байдлаар уг бодис биед
нэвтэрсэн гэж Синнер тайлбарлажээ.