ОРХОН: Эрдэнэтэд 12 км үерийн хамгаалалтын далан байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-02-18 09:04:48

Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны /ЕСБХБ/-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийн хүрээнд хэрэгжүүлэх нэг ажил нь үерийн хамгаалалтын далан байгуулах ажил юм.


Тус ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хунан Индастриал Экүйпмэнт Инсталэйшн” компани шалгарсан. Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, тус компанийн Монгол дахь төлөөлөгч Ван Женьжунг нар гэрээ байгууллаа.


Орхон аймаг, Эрдэнэт хот газар зүйн байрлалын хувьд хур тунадас ихтэй бүсэд хамаардаг. Хавартаа өрхүүд шар усны, зун, намартаа аадар борооны үерт өртөх эрсдэл ихтэй. Үүнээс улбаатай сүүлийн 10 жилд аймгийн хэмжээнд 27 удаа үер бууж, 8,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учиржээ. Үүн дээр үндэслэн үе үеийн аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд судалгаа, шинжилгээ хийж, гаднын төсөл хөтөлбөрүүдийг орон нутагтаа татах, хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ирсэн нь энэхүү Европын сэргээн босголт, хөгжлийн банкны /ЕСБХБ/-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл юм.


Төслийн гэрээнд 2020 оны зургаадугаар сард гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлсэн. Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр "Энэ хугацаанд өнөөдрийг хүртэл Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийн төлөвлөлтийг хөгжлийн бодлогод уялдуулан хөгжүүлэх ажлын хүрээнд хүнд ээлтэй амьдрах орчин бүрдүүлэхээр гэрээ байгуулснаас хойш холбогдох мэргэжилтнүүд тасралтгүй ажилласан. Үерээс хамгаалах далан байгуулах ажлын гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулах хүртэл дунд нь цар тахлын үе таарч багагүй хугацаа өнгөрснийг онцолсон. Тэрбээр, Эрдэнэт хот анх 1600 гаруй өрхийн 8000 орчим хүн амтай байсан бол өдгөө 30 мянга гаруй өрхийн 106 мянган суурин хүн амтай болсон. Нийт өрхийн 51 хувь нь буюу 15500 өрх гэр хороололд амьдарч байна. Тиймээс энэ төсөл манай аймаг, орон нутагт өндөр ач холбогдолтой. Иргэдийг үер, усны гамшгийн аюулаас сэргийлж, аюулгүй орчин бүрдэнэ гэдгийг тодотгосон юм.


“Хунан Индастриал Экүйпмэнт Инсталэйшн” компанийн Монгол дахь төлөөлөгч Ван Женьжунг “Төслийг хоёр жилийн хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллаж дуусгахаа илэрхийлэхийн сацуу төсөл хэрэгжих хугацаанд орон нутагт түр ажлын байрыг бий болгож, орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих бодлоготой ажиллана” гэв.


Дэлхийн шилдэг 500 компанийн жагсаалтад бичигддэг БНХАУ-ын төрийн өмчийн “Хунан Индастриал Экүйпмэнт Инсталэйшн компани” нь Орхон аймаг, Эрдэнэт хотод “Үерийн далан байгуулах” ажлын тендер сонгон шалгаруулалтад олон улсын тендерийн үнэлгээ болох ЕСБХБ-ны журмын дагуу шалгарчээ. “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийн нийт төсөв нь 14 мянган ам.долларын өртөгтэй. Үүний 10.3 мянган ам.доллар нь “Үерийн хамгаалалтын далан” байгуулах ажилд зарцуулна.


Уг ажлын хүрээнд Орхон аймаг, Эрдэнэт хотын үерийн аюулаас урьдчилан сэргийлэх байгууламжийн барилгын ажлын зураг, барилга угсралтын ажил болон хүн амын суурьшлын дээд бүсэд борооны ус хадгалах 3 цөөрөм, Эрдэнэт голын хөндийн нэг цөөрөм байгуулж, найман суваг буюу нийт 12 км урттай шуудууг хийж гүйцэтгэх юм. Хунан Индастриал Экүйпмэнт Инсталэйшн” компанийн Монгол дахь төлөөлөгч Ван Женьжунг энэхүү ажлын нарийвчилсан зураг төслийг 90 хоногийн хугацаанд буюу гурван сарын дотор боловсруулж, барилга угсралтын ажлаа эхлүүлнэ” гэлээ.



Холбоотой мэдээ