Хубилай хааны үед хамаарах хүрэл толийг хил давуулахаар завджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-руу зорчиж байсан Монгол Улсын иргэн Э-н гар тээшинд гаалийн байгууллагаас үзлэг, шалгалт хийж, соёлын өвд хамаарагдаж болзошгүй гурван ширхэг эд өлгийн зүйлийг илрүүлэн, хурааж авчээ.
Тэдгээр эд
өлгийн зүйлийг шинжлүүлэхээр Соёлын өвийн үндэсний төвд хандахад “Гурван ширхэг хүрэл толь нь
Монголын эзэнт гүрний 5 дахь их хаан, Хубилай хааны үе буюу 1268-1338 онд хамаарах эд өлгийн зүйлс” мөн
болохыг тогтоосон байна. Тодруулбал,
шинжээчид “13,4-13,9 см
диаметр бүхий, 351-406 гр жинтэй хүрэл толиуд нь Хубилай хааны үед хамаарах хос луутай бадамлянхуа хийцийн толины төрөлд багтана” гэж дүгнэжээ. Хүрэл толиудыг одоогоор хууль, хяналтын
байгууллагад шилжүүлснээр хяналт,
шалгалт үргэлжилж байгаа аж.
Гаалийн
байгууллага өнгөрсөн онд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүргийнхээ дагуу гэмт
хэргийн шинжтэй 55, зөрчлийн шинжтэй 2306 хэргийг илрүүлж, хууль хяналтын
байгууллагад шилжүүлжээ. Нийт гэмт хэрэг, зөрчлийн 27,4 хувийг “барааг хууль
бусаар нэвтрүүлэх” зөрчил эзэлснийг
Гаалийн ерөнхий газар мэдээлэв.
Улсын хилээр түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль бус
нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд “Эрүүгийн хуульд зааснаар 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгох, эсхүл 2-8
жил хүртэл хугацаагаар хорих”, “Зөрчлийн тухай хуульд эд зүйлийг хурааж хүнийг
нэг зуун нэгжтэй, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгоно” гэж заажээ.