ГОВЬ-АЛТАЙ: Сурагчид уламжлалт тоглоом наадгайгаар өрсөлдөв
ФОТО МЭДЭЭ
Есөнбулаг, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд “Эх оронч Монгол-Өвлөн наадья” уламжлхлт ёс заншил, тоглоом наадгай, танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулав.
Өсвөр үе, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, Монголын уламжлалт ёс заншил, зан үйл, тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, сурталчлан таниулах, түүх, соёлын өвийг хамгаалах, монгол хувцасны соёл багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тэмцээнийг явуулжээ.
Уламжлалт шагай шүүрэх, морь уралдуулах, монгол бичгээр унших, бичих тэмцээн, үндэсний сур харваа, чөдөр зангидах, сампин зангидах, сур сүлжих зэрэг ёс заншил, өв соёлоо танин мэдэх, түгээн дэлгэрүүлэх тэмцээнийг өрнүүлсэн байна.
Есөнбулаг сумын дөрөвдүгээр сургуулийн “Туурайн төвөргөөн” баг тэргүүн байр эзэлсэн бол Хантайшир-Эрдэм цогцолбор сургууль, хоёрдугаар сургууль, Мэргэжлийн боловсролын сургуулийн баг удаалсан тухай Говь-Алтай аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.











