ЗАВХАН: Үнэт чулууны баталгааг нь шалгаж хөөрөг худалдан авахыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-27 15:38:41

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Цагаан сарын баярын өмнө үнэт эдлэл хөөргийн худалдан авалт эрс нэмэгддэг.

Энэ үед иргэд хуурамч чулуун хөөрөг худалдан авах эрсдэлд ордог. Тиймээс үнэт эдлэлийн сорьц хэрхэн баталгаажуулдаг талаарх мэдээллийг Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, аудитор Д.Тунгалагтуяагаас тодруулав.


-Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хэрэглэгчдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?  
-Хамгийн гол анхаарах зүйл бол сорьцын баталгааны тэмдэг юм. Сорьцын баталгааны тэмдэг дарагдаагүй л байх юм бол тэр мөнгөн аяга, үнэт эдлэл сорьцын хувьд ч, жингийн хувьд ч баталгаагүй гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс иргэд сорьцын тэмдэггүй алт, мөнгөн эдлэл, эрдэнийн  чулууны  гэрчилгээгүй хөөрөг зэрэг үнэт эдлэлийг худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.

Тухайлбал уламжлалт цагаан сарын баяраар иргэд хөөрөг худалдан авах нь элбэг байна. Хөөрөг нь XVII, XVIII зууны үеэс монголчуудад дэлгэрсэн, бидний мэндлэх хүндлэх харилцааны соёлд орж ирсэн нэг төрлийн урлаг юм. Хөөргийг дан ганц монголчууд биш, Ази, Европ, Америкийн ард түмэн хүртэл урлагийн цуглуулга маягаар хэрэглэдэг. Монголчууд бид харилцаандаа хэрэглэдэг гол онцлогтой. Өөрөөр хэлбэл хоорондоо харилцах, мэндлэх, танилцах, бие биеэ хүндлэх зорилгоор гаднаас авч хэдэн зуун жил хэрэглэсэн бидний соёл л доо. Тиймээс сорьцын баталгаа, үнэт чулууны баталгааг нь шалгаарай гэж зөвлөе.
 
-Завхан аймагт хэчнээн аж ахуйн нэгж сорьцын баталгаатай бүтээгдэхүүн оруулж ирж байна вэ? Хяналт шалгалт бий юу? Танайхаас сорьцын баталгаа өгдөг үү?
-Манай аймагт хоёр аж ахуйн нэгж үнэт эдлэл худалдаж байгаа боловч үнэт эдлэл нь чанарын шаардлага хангахгүй байна. Алтны сорьц тогтоох, худалдан авах орон нутаг дахь анхны нэг цэгийн үйлчилгээний төв өнөөдөр Дархан-Уул,  Баянхонгор аймагт ажилладаг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар манай аймагт сорьцын тэмдэг дарагддаггүй гэсэн үг юм. Харин сорьцын хяналтын улсын байцаагч сорьцын баталгаагүй зарагдаж буй үнэт эдлэлүүдийг сорьцын баталгаанд хамруулах, сорьцын баталгаатай бүтээгдэхүүн худалдан борлуулахыг зөвлөж шаардлага зөвлөмж өгч ажилладаг.


-Дэлгүүр, лангуунд худалдаж байгаа үнэт эдлэлүүдийг танай хэлтсийн улсын байцаагч нар шалгаж шинжилдэггүй гэсэн үг үү?
-Уг нь бид шалгах биш, тухайн үнэт эдлэлийг худалдан борлуулахаар оруулж ирж байгаа худалдаачин /ченж/ өөрөө манай төвийн лабораториор шалгуулж шинжлүүлээд сорьц нь тохирч байвал худалдах ёстой.

Гэтэл ченжүүд гаднаас оруулж ирэхдээ гаалийн ямар ч бүрдүүлэлт хийлгэдэггүй, шууд л дэлгүүр, лангууны худалдагч нарт бөөнддөг. Өнөөдөр үнэт эдлэлээ өөрийн биеэр авч ирээд шалгуулдаг баталгаажуулдаг ченж цөөхөн байгаа учраас хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс бид өөрсдөө явж шалгаад баталгаажуулалтад хамруулж байгаа.


Шалгалтаар өөр дээр нь цохисон стандартын цифртээ сорьц нь хүрэхгүй эдлэл зөндөө гардаг. Түүнийг бид худалдахгүй байх үүрэг өгч шийдвэрлүүлдэг.


Гэхдээ орж ирж байгаа үнэт эдлэлүүд нь тухайн орныхоо сорьцын баталгааны болон үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй байгаа нь манай ченжүүд баталгаатай үйлдвэрээс нь биш, захын ченжүүдээс хямд авч ирдэгтэй холбоотой байж болох юм.


-Тэгвэл сорьцын тэмдгийг хэрхэн ялгах вэ?
-Үнэт металлаар үйлдвэрлэсэн эдлэлийн сорьц нь ISO 9202:1991 стандарттай тохирч байгаа эсэх Монгол Улсад алтан эдлэлийн сорьцын баталгааны тэмдгийн гаднах хүрээ нь зууван дугуй, мөнгөн эдлэлийнх 6 талтай призм, платина эдлэлийнх ромбо хэлбэртэй.


Алтан эдлэлийг 999, 960, 916, 750, 585, 375, 333 сорьцоор. Харин мөнгөн эдлэлийг 999, 925, 875, 830, 800 гэх мэтээр өөр өөр сорьцын баталгааны тэмдэгтэй байна.



Улс бүрийн сорьцын баталгааны тэмдгийн үндсэн загвар уламжлалт ёсоо хадгалж, бэлгэдсэн шинжтэй дүрс зураг байдаг. Монголын сорьцын баталгааны тэмдэг нь хатан сүйх дүрстэй байдаг.
-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ