Хэнтийн өсвөрийн тамирчид амжилтаа ахиулахаар бэлтгэлдээ шамджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-26 10:26:36

Спортын мастер Б.Пүрэвсүрэн, П.Нэргүй дасгалжуулагчтай Хэнтий аймгийн волейболын өсвөрийн шигшээ баг удахгүй Дундговь аймагт 15-16 насныхны дунд зохиогдох өсвөрийн УАШТ-нд  оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Шигшээ багт эрэгтэй 12, эмэгтэй 12 тамирчин байдаг бөгөөд тэд амжилтаа ахиулахаар ийнхүү бэлтгэлдээ шамджээ.

Хэнтий аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжиж, аймаг орон нутгийнхаа нэрийг спортоор дамжуулан олон нийтэд таниулдаг өсвөрийн шигшээ багийн 12 төрлийн дугуйлан тус аймагт хичээллэж байгаагийн нэг төрөл болох волейболын спортын өсвөрийн шигшээ баг сүүлийн жилүүдэд өндөр амжилт үзүүлсээр байгаа юм. Тодруулбал, 2015 онд Зүүн бүсийн тэмцээнээс хөвгүүд хүрэл, охид алт, 2015 онд Мини УАШТ-нд охид хүрэл, 2016 онд Зүүн бүсийн тэмцээнээс хөвгүүд алт, 2016 оны Мини УАШТ-нд охид мөнгөн медаль хүртсэн зэрэг бахархам амжилтыг үзүүлжээ.

Хэнтий аймаг хэзээнээсээ волейболын спортоор цахиур хагалж явсан нэртэй тамирчидтай бөгөөд 1960-1970 оны үеийн Монголын шигшээ баг Хэнтий аймгийн уугуул Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУ-ын хэмжээний мастер Г.Дэмбэрэлсайхан, ОУ-ын хэмжээний мастер Х.Балдан, Чулуунбаатар, Спортын мастер Г.Базарсад, Д.Чойдорж, Д.Түвдэнжигмэд нараар бүрдэж байсан түүхтэй.

Хэнтий аймгийн эрэгтэй баг 1959 онд анхны хүрэл медаль, эмэгтэй баг 1970 онд анхны алтан медалиа хүртэж, волейболын алдрын түүхэн замналаа эхэлсэн байдаг. Волейболын спортын энэ их уламжлал түгэн дэлгэрсээр өдгөө тус аймгаас гавьяат багш, дасгалжуулагч 2, ОУ-ын хэмжээний мастер 3, спортын мастер, спортын дэд мастер 150 гаруй төрөн гарчээ.

Хэнтий Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ