ДОРНОД: “Учиртай гурван толгой” бол дуурь
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Могой жилийн босгон дээр Дорнод аймгийн ХДТ-ын уран бүтээлчид “Учиртай гурван толгой” үндэсний дуурийг шинэчилсэн найруулгаар тоглож, арав хоногийн турш танхим үзэгчдээр тасраагүй.
Монголын анхны сонгодог дуурийг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрт дан ардын дуугаар тоглодог байснаа 1944 онд Б.Дамдинсүрэнгийн зохиосноор ая дантай болгож, үйл явдлын хувьд ч шинэчилсэн байдаг. Тухайлбал, хүмүүсийн хайр сэтгэлийн харилцааг анги давхаргын тэмцэл болгож, эмгэнэлт төгсгөлийг өөрчлөн, Юндэн, Нансалмаа нар харц ардын хамт ялан дийлж буйгаар төгсгөсөн нь агуулга, сэдвийн хувьд өргөжсөн гэж урлаг судлаачид үздэг.
Харин 1997 онд Монголын
сонгодог урлагийн сор болсон уг дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн
Л.Эрдэнэбулган шинэчлэн найруулж тавьснаар
өнөөдрийг хүртэл тэр хэвээр эгшиглэсээр
байгаа юм. Хожим нь Л.Эрдэнэбулган найруулагч “Бүтээл
болгоныг өөрчлөөд байх шаардлагагүй юм гэж би боддог болсон” хэмээн харамсангуй
өгүүлсэн нь нэгийг бодогдуулдаг. Харин энэ удаа Дорнодын театрын найруулагч,
Батаагийн Мөнх-Амьдрал халгасангүй, халширсангүй, зориглон барьж авч, шинэчлэн
найруулж тавьжээ.
Аавыгаа дагаж баруун “ягаан” театрт
үздэг байсан “Учиртай гурван толгой”, тэр дундаас яагаад ч юм Хоролмаагийн дүр л
миний хүүхэд насны дурсамжид бүдэгхээн үлдэж. Хоролмаагийн дүрийг тухайн үед
бүтээж байсан дуучин магадгүй МУСТА Г.Оюун эгч байх. Түүнээс хойш төвийн
театруудын тайзнаа хэд хэдэн удаа тоглогдоход нь үзсэн санагдана.
Орон нутгийн театруудын уран бүтээлчид “Учиртай гурван толгой” дуурийг өөрийн тайзнаа амилуулсан нь цөөн бөгөөд тус театр хэдэнтээ тоглож байсан ч, энэ удаа шинэчлэн найруулснаараа онцлог байв.
Орон нутгаас Дорнод аймаг бүрэн хэмжээний
оркестртой, түүгээрээ онцгойрч ирсэн. Энэ бол Ардын жүжигчин В.Боролдой агсны
түүхэн гавьяа билээ. Одоо харин тордож додомдох, даа ялангуяа энэ зэргийн
томхон уран бүтээлийн үед хүн хүчийг нь нэмэх цаг ирж үү дээ гэж бодогдоно. Учир
юу гэвэл хөгжмийн мэргэжлийн бус миний хувьд, оркестр маань нэг л “жул”
санагдав.
Хоролмаагийн дүрд МУСТА Д.Мягмар, Нансалмаад залуу дуучин Г.Аззаяа нар тогложээ. Аймгийн театрын энэ цагийн урдаа барих дуучид.
Нансалмааг үзэгчид уяхан туяхан, энхрий тунгалаг хоолойгоор төсөөлдөг атал энэ удаа нэг л өтгөн дуугараад үг нь тод сонсогдсонгүй. Харин Хоролмаа бол Юндэнгийн хайр сэтгэлийг татаж чадахуйц, зарим талаараа Нансалмааг дарж тоглодог, маш ухаантай эмэгтэйн дүр, дуулаачийн хувьд дуулалтдаа илүү анхаарч үнэ цэн бүтээсэн бол онцлууштай байлаа. Гэтэл мөхөс миний төсөөлснөөс зөрж, хоёр дуучны хоолой солигдон аль аль нь дүртэйгээ наалдаж өгөхгүй харгалдаад л байсан. Тоглолтын хувьд Хоролмааг шивэгчин хүүхний дүрээр буюу ёстой л нөгөө хошин шогийн “Хоролмаачин”-ы дүрээр илэрхийлсэн нь шинэлчилснийх юм уу, яасных юм. Юутай ч Д.Мягмарын бүтээсэн Хоролмаагийн дүр өөрийнх нь хоолойн чадлын дээд цэгт лав хүрээгүйг баттай хэлэх байна. Маш хөнгөн дуулаад л, дуулалтаасаа шоу жүжиглэлт талдаа илүү байсан гэж хэлж болохоор... Харин 100 минутын турш дуулах тусам гялалзан тодорч байсан залуу дуучин Г.Аззаяагийн цуцашгүй хоолой, ур чадварт мэхийе. Гагцхүү үг тод байсан сан бол алгаа хорстол таших байв аа.
Нээлтийн тоглолтын Юндэн буюу дуучин С.Ангараг гайхалтай байлаа. Цэвэр дуулалт, хоолойны тембр гоё сайхан, сонголт яг оносон. Ийм сайхан Юндэнгээ тэр байгаагаар нь товойлгож гаргаж ирэхийн тулд Балганд өөр дуучин тоглуулах байв уу? Хоёр дахь өдөр Юндэнд Л.Түвшинсайхан тоглов.
Угтаа нэгэн цагт нэг л Юндэн дурсагддаг биш бил үү? Яах гэж ийн хоёр сайхан дуучныг сөргөлдүүлэн, өрсөлдүүлэн, жишүүлэн байж үзэгчдэд шидэж өгөв гэж бодогдох. Балган ноёны дүрд Л.Түвшинсайханыгаа бүтэн тоглуулсан бол хэн хэн нь нүдээ олсон, бүтээсэн чадлаараа бахдалтай байх байлаа. Аль Юндэн нь..., хэн нь... гэх эргэлзээ төрж мэднэ шүү дээ.
Ташрамд
онцлоход, МУСТА, дуучин О.Номин-Эрдэнэ, жүжигчин Э.Батболд нарын хоршил,
харилцан дуулалт ямар ганган байв даа. Харин дуурийн эхлэл, ард олны аж байдал
харуулсан хэсэгт “Бүүвэйн дуу”-г эвлэгхэн, мэргэжлийн түвшинд аваад гарах
дуучин манай теарт байсангүй юү дээ.
Товчхондоо бол Балган Юндэнг тодруулж байхад Хоролмаа Нансалмаатай дүйж тоглох “Учиртай гурван толгой” билээ л... Харин манай шинэчилсэн найруулга бүхий “Учиртай гурван толгой”-н Балган Юндэнгээсээ илүү гол дүр болж харагдаад байсан. ХДТ-ын сүүлийн хэдэн жилийн уран бүтээлүүдийн хааны, даргын зэрэг сүр хүч илэрхийлсэн дүрүүдийг МУСТА Г.Ганзориг голдуу бүтээж ирсэн учраас түүнийг хаанаас нь ч шинжсэн “хаан” л харагдаад байв. Түүхэн цаг үеийнх нь хувьд хувцаслалт, аж байдлын хувьд ч Балганд өмсүүлсэн хувцас, нүүр будалт яав ч цаг үетэйгээ нийцээгүй. Хорьдугаар зууны эхэн үе шүү дээ. Балган ноёны дүр нэг л болсонгүй. Харин дуучин Г.Ганзоригийг худалдаачны дүрд тоглуулаад, дээлнийх нь энгэрийг сугалдаргалуулчихсан бол ч ванлий гэхшүү юм бодож суув. Гэхдээ худалдаачны дүрд тоглосон дуучин Г.Болдбаатар аятайхан байсан. Дараа дараагийн уран бүтээлдээ гол дүрийн шинэчлэл хийж, үзэгчдээ уйдаахгүй байх талаас нь бодолцож үзвэл алсдаа авшигтай биз ээ.
Найруулагчийн хувьд драм талдаа илүү бодож, төсөөлж, тунгаасан нь тайзны шийдлээс харагдана. Жишвэл, Херо Баатарын “Тамгагүй төр”-ийн хэд хэдэн шийдэл тэнд байсан. Ер нь бол бид өнгө, сүр жавхаанаас илүү агуулга барьж, үзэгч олныхоо урд нь алхаж байж дэвшиж дээшилнэ.
Төгсгөлд нь тэмдэглэхэд, Дорнодын “Алтангадас” одонт Хөгжимт драмын театр томоохон бүтээлүүдийг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан тайзнаа тавьж, нутгийн зон олныхоо мэлмий, сонорыг мялааж байдагт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй. Нутгийнхаа театрын тайзнаа амилсан уран бүтээлийг үзэж тунгаан бичиж суух аз завшаан орон нутгийн сэтгүүлч болгонд тохиодог юм биш ээ. Та бүхэнд гялайлаа.