ДОРНОД: Вангийн цагаан уулын чиглэлд хоёр түймэр асаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/.
Яг одоо Вангийн цагаан уулын чиглэлд хоёр түймэр асаж байна. Тодруулбал, дээрх
орчимд гарсан нэг түймэр унтраагүй байгаагаас гадна Сүхбаатар аймгийн
Эрдэнэцагаан сумаас Матадын Эрдэнэбадрах багийн нутагт орж ирсэн түймэр Лаг
нуур Вангийн цагаан уулын чиглэлд тархжээ.
Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Ёлоор ахлуулсан ажлын баг Хөлөнбуйр суманд, Засаг даргын орлогч
Ч.Ганбатаар ахлуулсан ажлын баг Матад сумын Эрдэнэбадрах багт шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна. Хэнтий
аймгийн Баян-Овоо сумаас Хөлөнбуйр, Цагаан-Овоо сум дамжин орж ирсэн түймрийг
шөнийн 02:00 цагийн үед унтрааж, одоо түймрийн хохирлыг тогтоохоор ажиллаж
байна.
Аймгийн ОБГ, Матад, Халхгол сум, Газрын тосны 19-р талбайн ажилтан, иргэд
шөнийн турш зогсолтгүй ажилласаар байгаа юм.
Өчигдөр өдөр салхины хурд баруун өмнөөс бүх нутгаар секундэд 12-17 метр хүрч ширүүссэн бол өнгөрсөн шөнө Халхгол, Матад орчмоор баруунаас секундэд 14-16 метр хүрч, бусад нутгаар
секундэд 5-11 метр байжээ. Иймд
иргэдийг хаврын хуурайшилттай
өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад
зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах,
хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.