К.Жоржескуг нэр дэвшигчээр бүртгэсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-03-10 12:28:20

БУХАРЕСТ, 2025 оны гуравдугаар сарын 10 /DW/. Румыний Сонгуулийн төв товчоо хэт барууны үзэлт, Оросын тал баримтлагч улстөрч Кэлин Жоржескуг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргажээ. 


Румыний хэвлэлүүдэд мэдээлснээр, түүнийг нэр дэвшигчээр бүртгэхгүй байх шийдвэрийг Сонгуулийн төв товчооны 10 гишүүн дэмжсэн бол дөрвөн гишүүн дэмжээгүй байна. К.Жоржескуг ирэх тавдугаар сард товлоод байгаа ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа аж. Тэрбээр давж заалдах гомдол гаргах бөгөөд Үндсэн хуулийн цэц гуравдугаар сарын 12-ны лхагва гараг гэхэд эцсийн шийдвэрийг гаргана.


Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-нд болсон Румыний ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын дүнг Үндсэн хуулийн цэц 12 дугаар сарын 6-нд хүчингүй болгосон юм. Санал хураалтаар К.Жоржеску сонгогчдын 22.94 хувийн саналыг авч ялжээ. 


Румыны тагнуулын алба К.Жоржескуг сурталчлах кампанит ажлыг олон нийтийн сүлжээгээр явуулж, сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж Оросыг буруутгажээ. Румыний Ерөнхий прокурорын газар сонгуулийн дүнг луйвардсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Дахин сонгуулийг 5 дугаар сарын 4-нд явуулахаар товлосон бөгөөд хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадахгүй бол 5 дугаар сарын 18-нд хоёр дахь шатны санал хураалт болно.


Өдгөө 62 настай К.Жоржеску ерөнхийлөгчийн дахин сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн төв товчоонд гуравдугаар сарын 7-ны өдөр өгчээ. Тэрбээр бие даан нэр дэвшихээр төлөвлөж байсан бөгөөд “Румынчуудын нэгдлийн төлөөх холбоо” болон “Залуучуудын нам” түүнийг нэр дэвшүүлэхийн тулд гарын үсэг цуглуулсан байна. 



Холбоотой мэдээ