УВС: Хорт хавдрын шалтгааныг тодорхойлох судалгаа хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны гуравдугаар сарын
12 /МОНЦАМЭ/. Хорт хавдрын шалтгаан нөхцөлийг тодорхойлох судалгааны
ажлын гэрээнд аймгийн ЭМГ-ын дарга, Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн захирал нар гарын үсэг зурлаа.
Тус судалгааны ажлын хүрээнд Увс аймагт зонхилон тохиолдох хорт
хавдрын эрсдэлт хүчин зүйл, тархалтын баримтын судалгаа хийхээс гадна иргэдийн мэдлэг, хандлага, дадлыг
үнэлэх юм. Тэрчлэн
зөвхөн судалгаа хийгээд зогсохгүй Увс аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг
чадавхжуулах, сургалт семинар хамтран зохион байгуулах, иргэдэд өгөх зөвлөмж,
гарын авлага боловсруулах, эрүүл зан
үйлийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион
байгуулах, үнэлэх ажлуудыг хийх ажээ.
Анагаах
ухааны хүрээлэн 60 гаруй жилийн түүхтэй бөгөөд өдгөө эрдмийн зөвлөл, хавдар,
дотор, зүрх судас, мэдрэл, захиргаа санхүү, эрдэм шинжилгээний төв лаборатори
зэрэг 6 сектор, 40 гаруй эрдэм шинжилгээний эмч, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж, дээрх чиглэлээр улсын хэмжээнд судалгаа, эрдэм шинжилгээний ажил зохион
байгуулдаг байна.
Энэхүү судалгааны
ажлыг Увс аймгийн төв болон 6 сумыг хамруулан 2025 оны 2-р улиралд багтаан
хийж, дүгнэлт зөвлөмжийг гардуулан өгөхөөс гадна иргэдэд хүргэх нотолгоонд
тулгуурласан мэдээлэл, сургалт сурталчилгааны материал, гарын авлага
боловсруулах юм.