Их Британид хүлэмжийн хийн ялгарал түүхэн доод түвшинд хүрч буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-03-13 15:33:45

ЛОНДОН, 2025 оны гуравдугаар сарын 13 /Anadolu/. Их Британид хүлэмжийн хийн ялгарал өнгөрсөн онд 3.6 хувиар буурснаар 1872 оноос хойших хамгийн доод түвшинд хүрснийг лхагва гарагт танилцуулсан шинэ тайлан харууллаа.  


Их Британид төвтэй уур амьсгалын цахим хуудас болох Carbon Brief-ийн тайланд дурдсанаар, 2024 онд ажиглагдсан бууралтын тэн хагас нь нүүрсний эрэлт 54 хувиар буурсантай холбоотой байжээ. Ингэснээр хорт хийн ялгарал буурахад нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь нүүрсний эрэлт буурсан явдал болсон байна.


Их Британид нүүрсээр ажилладаг хамгийн сүүлийн цахилгаан станцыг хааж, 142 жилийн дараа нүүрс ашиглахыг зогсоосон нь бууралтад хамгийн ихээр нөлөөлсөн гэж судалгаанд дүгнэсэн байна. Өдгөө тус улсад нүүрсний эрэлт 1666 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ.


Хүлэмжийн хийн ялгарал буурахад нөлөөлсөн хоёр дахь том хүчин зүйл бол цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэж буй явдал бөгөөд тэдгээрийн тоо 40 орчим хувиар өсжээ. Энэ өсөлт нь газрын тос, байгалийн хийн хэрэглээг бууруулахад нөлөөлсөн бөгөөд эрчим хүч үйлдвэрлэхэд шаардагдах хийн хэрэгцээ 13 хувиар буурсныг дагаад хүлэмжийн хийн ялгарал мэдэгдэхүйц багассан байна.


Үүний үр дүнд тус улсын цахилгаан эрчим хүчний салбар түүхэндээ хамгийн цэвэр” түвшинд хүрчээ. Гэсэн хэдий ч Их Британи 2035 он гэхэд хүрэхээр дэвшүүлсэн уур амьсгалын зорилтууд, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтдоо хүрэхийн тулд цаашдаа жил бүр ялгарлыг 2024 оныхоос илүү хэмжээгээр бууруулах шаардлагатай  байна.




Холбоотой мэдээ