БАЯНХОНГОР: “Найзууд” алтан цомын барилдааныг ирэх сард зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-03-20 10:54:10

Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. "Хонгор нутаг" бөхийн дэвжээ, Баянхонгор аймгийн Үндэсний бөхийн холбоо, Монгол Улсын арслан П.Аюушийн нэрэмжит Биeийн тамир спортын газар хамтран зохион байгуулдаг "Найзууд" алтан цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 5, 6-ны өдөр болно.


Өсвөрийн үндэсний бөхийн халз барилдаан сум, сургуулийн баг бүрэлдэхүүнд нээлттэй бөгөөд 9-15 насны долоон тамирчин баг болон тойргийн журмаар барилддаг онцлогтой.


Хүүхэд багачуудад биe бялдрын өв тэгш хүмүүжил олгох, үндэсний бөхийн өв уламжлалаа бататган хөгжүүлэх, Хонгор нутгийн ирээдүйн хүчтэнүүдийг бэлтгэх зорилготой тус тэмцээнийг 2023 оноос эхлэн жилд хоёр удаа зохион байгуулж байна. Орон нутагт хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр шагналтай тэмцээнийг ийнхүү дөрөв дэх удаагаа зохион байгуулна.


Томоохон шагналын сантай барилдааныг тогтмолжуулснаар хүүхдүүдэд барилдах сонирхол төрж, бэлтгэл сургуулийн идэвх оролцоо, бөхчүүдийн ур чадвар дээшилж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Тус тэмцээнийг санаачилсан Баянхонгор аймгийн "Хонгор нутаг" бөхийн дэвжээний тэргүүнээр Монгол Улсын Өсөх идэр, Улам нэмэх начин Б.Эрдэнэхүү ажиллаж байна.


Сонирхуулахад, аймгийн Биeийн тамир спортын газар "Нисэхийн" хэмээх Пагмын Аюуш (1921 - 1975)-ийн нэрэмжит болон үйл ажиллагаагаа явуулж буй. П.Аюуш нь Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм. 

Тэрээр улсын баяр наадамд 1946 онд 6 давж улсын заан болсон, 1947 онд 6 давсан, 1949 онд 9 давж түрүүлэн, арслан цолын болзлыг хангасан бол 1953 онд 5 давж байжээ. 1949 онд улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цолын болзлыг хангасан ч үзүүр түрүүний барилдаанд Ш.Батсуурь аваргыг түүнд бууж өгсөн гэж үзсэн баяр наадмын комиссын дарга, маршал Х.Чойбалсан цолыг нь олгоогүй бөгөөд 1956 онд улсын арслан цолыг нөхөн олгосон байна.

Холбоотой мэдээ