БАЯНХОНГОР: ГССҮТ-ийн эмч нарын баг Баянхонгорт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-03-20 16:33:51
Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын санаачилгаар Гэмтэл согог судлалын үндэсний төв Баянхонгор аймагт “Гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах төсөл”-ийг нэг жилийн хугацаатайгаар эхлүүлсэн.

Төслийн хүрээнд толгойн мэс заслын эмч Э.Энхтүвшингээр ахлуулсан эмч нарын баг Баянхонгор аймагт ажиллаж байна. Багийнхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 210 хүнд үзлэг, оношилгоо хийж, яс үений эмгэг, мөчдийн хугарал болон толгой, хүзүү нурууны гэмтэлтэй 14 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт нь үзүүлж, одоогийн байдлаар гэмтлийн тасагт 27 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Мөн тус багийн эмч нар Бууцагаан, Бөмбөгөр суманд 124 иргэнд үзлэг, оношилгоо хийж, тус сумын эрүүл мэндийн төвийн эмч ажилчдад гэмтлийн үеийн анхны тусламж, тархины гэмтлийн үеийн тээвэрлэлтийн талаар заавар зөвлөмж өгчээ. Түүнээс гадна тархины гэмтлийн үеийн анхны тусламж, дээд болон доод мөчдийн гэмтлийн үеийн чиг бэхэлгээ, шархны анхдагч цэгцэлгээ, цус тогтоох даралтат боолт, гөлтгөнөн боолт сэдвээр онолын болон гардан үйлдлийн сургалт зохион байгуулсан байна.
Холбоотой мэдээ