БАЯНХОНГОР: Нутаг дэвсгэрийн 7.08 хувийг ойн сан эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн ойн өдөр. 2012 онд НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн ойн өдөр болгон шийдвэрлэсэн бол манай улс 2015 оноос энэ өдрийг ойн олон талын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч тэмдэглэж байна.
Говь, тал хээр, хангай хосолсон газар нутгийн онцлогтой Баянхонгор аймгийн ойн сан нийт 820.681 га талбайг эзэлж байгаа нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 7.08 хувь нь юм. Тус аймгийн ойн сан бүхий газар нутгаас Богд, Баянлиг, Баянговь, Баацагаан, Баян-Өндөр, Жинст, Шинэжинст сумын 787.246 га талбайд заган ой, Баян-Овоо, Өлзийт, Галуут, Жаргалант, Эрдэнэцогт сумын 33.435 га талбайд шинэсэн ой ургаж байна. Аймгийн хэмжээнд Сум дундын ойн анги нэг ажиллаж байгаа бол ойн 12 нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг.
2020 оны судалгааны үнэлгээгээр Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 98.1 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс нэн хүчтэй 9.8 хувь, хүчтэй 33.6 хувь, дунд зэрэг 54.7 хувийг тус тус эзэлж байна. Тиймээс тус аймаг цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн агро-ойн аж ахуйг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэдэд мод тарих соёлыг төлөвшүүлэхийг чухалчилж байна.
“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод ойжуулах, ойг нөхөн сэргээх, хамгаалах замаар 2030 онд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг газар нутгийн 9 хувьд, 2050 онд 10.5 хувьд хүргэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, нэн хүчтэй, хүчтэй доройтолд өртсөн газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй хязгаарлах улмаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, газрын доройтол, цөлжилтийг сааруулах хамрах хүрээг тэлэхэд онцгой анхаарч, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж буй.
Баянхонгор аймаг тус үндэсний хөдөлгөөнд 20 сая мод тарихаар нэгдэж, “Хог биш мод тарьж, Хонгор нутгаа ногооруулъя” уриалгыг дэвшүүлээд байгаа юм. Энэ хүрээнд тус аймагт ойжуулалт, ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа хийх иргэдийг бэлтгэж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 150 иргэнийг “Өлзийт” МСҮТ-д тэтгэлэгтэйгээр ойжуулагч мэргэжлээр бэлтгэсэн. Мөн аймгийн төвийн Шинэ суурьшлын бүсийн баруун талд 30 га газар хашиж, ойн зурвас хэлбэрээр мод тарих ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд тус талбайд нийт 75 мянган мод тарих зорилттой. Усалгаа, худгийн асуудлыг шийдэн, услалтын системийг суурилуулаад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймаг 2030 он хүртэл 20 сая модыг үе шаттай тарьж ургуулах зорилт тавьсан. 2023 он хүртэл бэлтгэл үе шат үргэлжилсэн бол 2024-2026 эрчимжүүлэх үе шат, 2027-2030 оныг тогтвортой үргэлжлэх үе шат гэж төлөвлөжээ. Энэхүү үйл ажиллагаа нь цөлжилт, элсний нүүдэл, газрын доройтлыг бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээх, автозамын дагуух хамгаалалтын ойн зурвас байгуулах, уул уурхайн эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой.
Мод тарих хөдөлгөөн нь зөвхөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлаас гадна аймгийн иргэд тодорхой түвшинд ажил орлоготой болох боломж гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байгаа юм. Ийнхүү 2030 он хүртэл 20 сая мод тарих ажлыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд 307 хүн байнгын, 35 мянган хүн түр ажлын байраар хангагдах тооцоо гарсан байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг бүх төрлийн мод, заг, бут, сөөг, таримал ойн нөөцийг ойн сан гэдэг. Ойн санг талбай, ургаа модны эзэлхүүнээр нь илэрхийлснийг ойн нөөц гэдэг. Тэгэхээр өрх бүр хашаандаа мод тарьснаар ойн санг бүрдүүлэх боломжтой болж байна. Нэг мод жилд дунджаар 21.7 кг хүчилтөрөгчийн давхар ислийг өөртөө шингээдэг, хоногт нэг мод 180 литр хүчилтөрөгч буюу хоёр хүний амьсгалах агаарыг ялгаруулдаг. Мөн ой мод нь тоос шороог 21-78 хувь хүртэл, дуу чимээний 25 хувийг өөртөө шингээдэг байна.
Баянхонгор сум ойн зурвастаа 2021 онд 5 төрлийн 13 мянган мод, 2022 онд намрын мод тарилтаар 10 мянган ширхэг улиас мод тарьснаар аймаг тойрсон ойн зурвасыг бүрэн моджуулж, нийт 30 мянган мод тарьж арчилгаа тордолгоог хийж байна.
2020 оны судалгааны үнэлгээгээр Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 9.8 хувь нь цөлжилтөд нэн хүчтэй, 33.6 хувь нь хүчтэй, 54.7 хувь нь дунд зэрэг өртжээ. Салхины хамгаалалт буюу ойн зурвасыг 5-10 эгнээ мод тарьж бий болгон, салхины урсгалын хурдыг 15 м хүртэл зайд 80 гаруй хувиар бууруулах боломжтой болдог байна. Тиймээс аймаг тойрсон ойн зурвасыг бүрэн моджуулж, мод бутыг бүрэн ургуулснаар цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, элсний нүүдлийг сааруулах, хүчтэй салхины сөрөг нөлөөллийг бууруулахад онцгой үүрэгтэйг мэргэжилтнүүд ярьж байна.
Баянхонгор сум элсний нүүдлийг сааруулах, ойн санг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн хотын хойноос баруун хэсэг хүртэлх таван км зурваст зургаан төрлийн 20 гаруй мянган мод тарьсан байна. Мөн усалгааг шийдвэрлэж усалгааны системүүдийг суурилуулж ойн зурвасыг моджуулах ажил үе шаттайгаар хийж иржээ.