Лигийн дэд аварга “Бишрэлт Металл” баг Малайзыг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн өнгөрсөн улирлын аварга “Хасын хүлэгүүд”, дэд аварга “Бишрэлт Металл” баг Азийн аваргуудын лигт өрсөлдөх эрхтэй болсон билээ.
Тэгвэл “Бишрэлт Металл” багийн багтсан “В” хэсгийн тоглолт энэ сарын 25-нд Малайзын Куала Лумпур хотод эхлэх гэж байна. Тус оролцох залуус Малайзыг маргааш зорих аж. Хэдийгээр Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн плей-оффын тоглолт ид үргэлжилж байгаа ч “Бишрэлт Металл”-ын хуваарьт тодорхой хэмжээний өөрчлөлт оржээ.
Монголын баг эхний тоглолтоо Малайзын “Эн Эс Матрикс” багтай энэ сарын 25-нд тоглох юм. Үүнээс гадна Индонезийн “Пелита Жаяа”, Тайванийн “Тайён Фелос”-тай нэг хэсэгт багтаж тоглоно. Лигийн хүрээнд нийт зургаан тоглолт хийж, үзүүлсэн амжилтаараа дараагийн шатанд шалгарах эсэхээ шийднэ.
“Металл”-ын хувьд Азийн аваргуудын лигт хоёр дахь улиралдаа
тоглож байгаа бөгөөд эхний жилдээ нэг хожиж, хоёр хожигдсон юм. “Металл”-ынхан Малайзын
эсрэг тоглолтод Г.Дөлгөөнийг ашиглахаар багтаа нэгтгэсэн байна.