ХОВД: Энэ онд 100 мянган мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймаг өнгөрсөн онд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан 250 га талбайд 175 мянган мод тарьсан байна.
Тэгвэл энэ онд 100 мянган мод тарихаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ.
Түүнчлэн сумдад ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг багасгах ажлууд хэрэгжих юм.
Мод тарих нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг. Мод нь дуу чимээг бууруулж, хүчилтөрөгч ялгаруулан нүүрстөрөгчийг хуримтлуулж, агаар цэвэршүүлэн салхи болон хөрсний элэгдэл, бохирдол, цөлжилт, газрын доройтлыг бууруулдаг.
Судалгаагаар Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртжээ.
Иймээс тус аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарихаар болсон юм.
Өнгөрсөн хугацаанд 360 мянган мод тарьсан ба ургалтын байдал 70 орчим хувьтай явж байна. Энэ нь зарим сумын нутагт услалтын систем, арчилгаа, хамгаалалт тааруу байгаатай холбоотой.