ӨВӨРХАНГАЙ: Ус, цаг уурын 11 харуул 24 цагийн турш тасралтгүй мэдээ дамжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-03-24 15:52:19

Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймагт Ус, цаг уурын алба үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ой тохиож байна.


БНМАУ ба ЗХУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Өвөрхангай аймгийн уур амьсгал, ус зүй, цаг агаарын байдлыг шинжлэн судлах зорилгоор 1940 оны нэгдүгээр сарын 1-нд Арвайхээр суманд Ус цаг уурын станцыг гурван ажилтантай байгуулсан нь тус албаны түүхэн эхлэл юм.



Зөвлөлтийн мэргэжилтэн Кодушки, цаг уурын ажилагчийн курс төгссөн Ч.Шагдар, н.Лувсан нар анхны тулгын чулууг тавьсан бол нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан ус, цаг уур орчны шинжилгээний ажлын үр дүн, горимын болон шуурхай мэдээллийг ашиглах эрэлт хэрэгцээ нэмэгдэж, 1956-1975 онд бүх суманд цаг агаарын өртөө, харуулыг байгуулжээ.


Мөн 1967-2006 онд Ус судлалын таван харуул, 1975 онд Агаар мандлын дээд үе давхаргыг судлах станц, 1976 оноос Хөдөө аж ахуйн харуул, 1981 онд Байгаль орчныг хянах харуул, 2008 онд Урьдчилан мэдээлэх товчоо, Холбооны зангилгаа, 1991 онд Ус судлалын салбар, 1995 онд Хархорин суманд Агро цаг уурын салбар, 2008 онд Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийг байгуулсан байна.


Байгууллагын нэршил ч он цаг бүрд өөрчлөгдсөөр 2018 онд Засгийн газрын 60 дугаар тогтоолоор Ус, цаг уур, орчны шинжилгээний төв /УЦУОШТ/ болон зохион байгуулалтад оржээ.




Тус албанд техник технологийн шинэчлэлийг жил тутамд хийж, 11 харуулыг иж бүрэн автомат станцаар ханган цаг агаарын мэдээг 24 цагийн турш тасралтгүй дамжуулж байна. Түүнчлэн 2.7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр албаны шинэ барилгыг эхлүүлж, 30 хувийн гүйцэтгэлтэй барьж байгаа бол Аэрологийн станцыг байгуулж, шинэ хөөргөлт эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган орон нутгийн төсвийн 72 сая төгрөгийн өртгөөр ажлын байр барьжээ.


Тус байгууллага 2024 оны үйл ажиллагаагаараа улсад тэргүүлсэн амжилттайгаар түүхэн ойгоо тэмдэглэж байна.









 

Холбоотой мэдээ