Г.Алтансүх: Дундад зууны үеийн монгол хүний нэр нар, сар, од, мичид, цэцэг ургамлын утга агуулдаггүй байж

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-24 17:40:25

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Дундад зууны монгол хүний нэрийн судалгаа” гуравласан бүтээлийг Монгол Улсын Үндэсний номын санд нээлээ.


Чингис хааны өв соёлын хүрээлэнгээс "Дундад зууны монгол хүний нэрийн судалгаа"-г 2022-2024 онд хийж, үр дүнгээр нь гуравласан бүтээл гаргажээ. Нэгдүгээр дэвтэрт нь судалгааны арга зүй, үр дүнг бичсэн бол хоёрдугаар дэвтэрт энэ сэдвийг судалсан гадаад, дотоодын судлаачдын өгүүлэл, гуравдугаар дэвтэрт таван улсын 12 байгууллага оролцсон эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуйг эмхэтгэжээ. Тухайлбал, хоёрдугаар дэвтэрт дундад зууны үеийн монгол хүний нэрийг судалсан 120 гаруй бүтээл цуглуулснаас 35 зохиогчийн 39 өгүүллийг эмхэтгэхдээ угсаатан, түүх, хэл шинжлэл, соёл судлал зэрэг салбарт хийсэн судалгааг эрдэм шинжилгээний цахим сан, хайлтын системээс авсан байна. 


ШУА-ийн Түүх угсаатан зүйн хүрээлэнгийн Эртний түүхийн салбарын эрхлэгч Г.Алтансүх судалгааны үр дүнгийн талаар ярихдаа, "Бид монгол хүний, тэр дундаа дундад зууны үеийн болон "Монголын нууц товчоо"-нд гарч буй хүмүүсийн нэрийн судалгааны бүтэц, утга агуулга, хэлбэрийг судлахыг зорьсон. Монголд 1990 оноос үндэсний үзэл ухамсар сэргэж, эх түүхээрээ бахархах, эртний монгол хүний нэрийг сэргээн хэрэглэх нь түгээмэл болсон. Хүүхдэдээ Тэмүжин, Өүлэн, Есүхэй, Хасар зэрэг хаан, хатан, баатрыг нэрийг хайрлах нь элбэг болсон. Гэвч түүхэн нэрийг олон янзаар бичих, утга агуулга, бэлгэдлийг мэдэхгүй байх нь түгээмэл байна. Тиймээс хуучин нэрийн бүтэц, агуулга, дуудлагыг нь судалж, нотлох шаардлага үүссэн. "Монголын нууц товчоо"-нд гардаг 400 гаруй нэрийг зарим судалгаанд түрэг, манж, тунгүс хэлний нэр гэж тайлбарладаг. Бидний судалгаагаар тэдгээр нэрийн 80-90 хувь нь монгол нэр болохыг баталж байгаа. Мөн дундад зууны үед монгол хүний нэр дэлхий дахинд хэрхэн тархсан, Солонгос, Хятад, Баруун, Зүүн Европт хэрхэн хэрэглэж байсан мэдээллийг ч судалгаандаа багтаасан. Монгол хүний нэр хэд хэдэн онцлогтой. Олон үгээс бүтсэн болон нар, сар, од, мичид, цэцэг навч, ургамлын нэр огт байгаагүй нь тухайн үеийн монголчуудын ертөнцийг үзэх үзэл өөр байсантай холбоотой. Дундад зууны үеийн монгол хүний нэрийг судлахад тухайн үеийнхээ ертөнцийг үзэх үзэл, ахуй соёлынхоо тусгал нь байна. Хотун, Өгэ, Тэмүн, Тэгү гээд маш эртний язгуурууд дээр тодорхой бүтээвэр залгаж хүний нэр үүсгэдэг хэл зүйн болоод нэрийн тогтолцоо байсныг судалгаагаар баталлаа. Тухайлбал, Өгэ язгуур дээр -лэй, -дэй бүтээвэр залгаж Өгөдэй, Өгөлэй нэр үүссэн байна" хэмээн тодотгов.






Холбоотой мэдээ