ӨВӨРХАНГАЙ: Хүүхдүүд “Ромео, Жульетта хоёр” драмын жүжгийг англи хэлээр тоглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. “Ромео, Жульетта хоёр” драмын жүжгийг хүүхдүүд тайзнаа англи хэлээр тоглолоо.
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, “Номын гүүр” сургалтын төвөөс сурагчдад дэмжлэг үзүүлснээр бүтэн хоёр сарын турш бэлдсэн тоглолтоо өчигдөр үзэгчдэд толилуулсан юм.
Хүүхдүүдийн гадаад хэлний ур чадварыг хөгжүүлэх, гадаад хэл сурах хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, эергээр нөлөөллийг түгээх зорилгоор бүтээж буй уг жүжгийн найруулагчаар Энхтайваны корпусын сайн дурын ажилтан Хантер ажиллаж, 25 сурагч гол ба туслах дүрийг бүтээжээ.
Хүүхдүүд өөрсдийн идэвх оролцоо, сайн дурын үндсэн дээр жүжгийн тоглолтод бэлтгэж, эцэг эх, багш нар дэмжин оролцсон бөгөөд цаашид Монголын хүүхдийн ордны тайзнаа тавих зорилготой байна.
Энэ жил Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас олон талын үйл ажиллагаа өрнүүлж байгаагийн нэг нь уг тоглолт юм.