ГОВЬ-АЛТАЙ: Үзлэгт хамрагдаж байгаа эрчүүдийн 50 гаруй хувь нь алслагдсан багийнхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-04-07 16:45:17

Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байгаа эрчүүдийн 50 гаруй хувь нь алслагдсан багийн эрэгтэйчүүд байна


Монгол Улсын хүн амын дундаж наслалтыг авч үзвэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 9.5 жилээр богино насалж байна гэсэн статистик үзүүлэлттэй байна.


Хүн амын дундаж наслалтыг 80-аас дээш хүргэх ”Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл амьдралын зөв дадлын талаар эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл Алтай-Эрүүл эрчүүд” үзлэгийг Шарга, Тонхил суманд зохион байгуулав.


Үзлэгт Шарга суманд 61 эрэгтэй хамрагдсанаас 32 буюу 52.4 хувь, Тонхил суманд 69 эрэгтэй хамрагдсанаас 34 буюу 49.2 хувь нь малчин буюу алслагдсан багийн эрэгтэйчүүд байна.


Үзлэгийн үеэр Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд эрчүүдэд эрүүл амьдралын зөв дадлын талаар, 1-6 ангийн хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад улаанбурхан өвчний нөхцөл байдал, хүний папиллома вирусний эсрэг вакцины талаар мэдээлэл хүргэсэн тухай аймгийг ЭМГ-аас танилцууллаа.


Үзлэгийг аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж байна. Мөн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хөдөөгийн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажилд найм дахь жилдээ хамтран ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ