Өнөөдрийг “Харвалтгүй ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор өнгөрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-29 16:11:42

Жил бүрийн 10 дугаар сарын 29 дэлхийн нийтээр тархины цус харвалтын эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг өдөр. Энэ өдрийг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасаг “Харвалтгүй ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулж өнгөрүүлэв.

Өдөрлөгийн үеэр цус харвалтын эрсдэлт хүчин зүйлсээс өөрийгөө хамгаалах, хорт зуршлаа хаяж эрүүл аж төрөх талаар зөвлөмжийг иргэдэд өгч, цусны даралт, цусан дахь холестрин, сахарын хэмжээг тодорхойлон, шаардлагатай эмийг  үнэ төлбөргүйгээр өгөв.

Жилдээ дэлхий нийтээр 6 секунд тутамд нэг хүн, 6 хүн тутмын нэг нь тархины цус харвалтад өртөн, 5 сая хүн нас барж, 10 сая хүн насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болдог бөгөөд насанд хүрсэн хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан нь тархины цус харвалт болдог гэсэн мэдээ бий. 

Дундговь аймгийн хувьд ч насанд хүрсэн хүн амын нас баралтын гуравдахь гол шалтгаан болж байна. Оны эхний 9 сарын байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Мэдрэлийн тасагт 21 хүн цус харвалтын улмаас хэвтэн эмчлүүлсэн бөгөөд цус харвалт сүүлийн таван жилд хүн амын дунд өсч байгааг Мэдрэлийн тасгийн эмч Т.Бямбацэрэн хэллээ. Гэхдээ улсын дунджаас доогуур үзүүлэлттэй байдаг гэв.

Цусны даралт ихсэх болон чихрийн шижин өвчний эрт илрүүлгийг өрх, сумын эмнэлэгт байнга хийдэг, цус харвалтаас урьдчилан сэргийлэх талаар сургалт зөвлөмжийг тогтмол өгдөг хэдий ч иргэд амьдралдаа төдийлөн хэвшүүлдэггүй, хайхрамж муутай ханддаг нь цус харвалтад өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Цус харвалт бол сэргийлж болдог аюул учраас эрт үеийн шинж тэмдгийг хэрхэн таньж эмнэлэгийн тусламж авах, харвалтаас сэргийлэхийн тулд амьдралын ямар дадлыг хэвшүүлэх талаар тус тасаг иргэдэд зориулсан сургалтыг тогтмол явуулдаг болжээ.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ