“Дэлхийн цирк Монголд-2025” тоглолт үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-11 11:11:53

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дэлхийн цирк Монголд-2025 олон улсын шилдэг циркчдийн тоглолт маргаашаас эхлэн долоо хоног бүрийн бямба, ням гарагт үзэгчдийн хүртээл болно.


“Монголын циркийн хөгжлийн төв”-өөс санаачлан 11 дэх жилдээ уламжлан болгон тоглож буй энэхүү тоглолт өнгөрсөн намраас хос манежтай болсноороо онцлогтой. Тэгвэл тоглолтод оролцох уран бүтээлчид болон зохион байгуулагчид  “Степп Арена”-гийн тайзнаас өчигдөр мэдээлэл хийлээ.


Энэ үеэр продюсер Н.Эрдэнэ хэлэхдээ, “Манай тоглолтод дандаа шилдгүүд ирдэг. Энэ удаа дэлхийн номер нэг алиалагч, Италийн иргэн Дэвид Ларибле Монголд төдийгүй Ази тивд анх удаа ирж тоглож байна. “Монголын циркийн хөгжлийн төв”-тэй долоо дахь жилдээ хамтран ажиллаж буй Дмитрий Чернов энэ удаа ч тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллах болно. Мото экстрим үзүүлбэрээ толилуулахаар Колумбаас Жейсон ирлээ. Дэлхийд ердөө гуравхан байдаг есөн метрийн өндөрт унадаг дугуй унах үзүүлбэр үзүүлэхээр АНУ-ын тамирчин мөн анх удаа Монголд ирлээ. “Дэлхийн цирк Монголд” тоглолтын хамт олон өнгөрсөн жил 10 жилийн ойгоо тэмдэглэсэн. Бид жил бүхэн цоо шинэ уран бүтээлч, жүжигчдийг урьдаг, хос манеж дээр шоу тоглолтоо үзүүлдэг гэдгээрээ онцлог. Энэ удаа 15 орны дэлхийн уралдаан тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин, жүжигчид үзүүлбэрээ толилуулахад бэлэн боллоо. Цирк өөрөө гэр бүлийн үзүүлбэр байдаг. Тиймээс гэр бүлээрээ хамтдаа үзээсэй гэж бодож бямба, ням гарагийг сонгосон юм. Энэ удаагийн тоглолтод 240 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, та бүхэнд чанартай, чансаатай үзүүлбэрийг толилуулах болно. Өмнө тоглосон нэг ч үзүүлбэр давтагдахгүй. Өмнө нь Монголд ирж байгаагүй уран бүтээлчдийг бид жил бүхэн урьдаг. Тоглолт хоёр цаг 40 минутын хугацаанд үргэлжилнэ. Сургуультай амьтдын үзүүлбэр багтахаас гадна дэлхийд ердөө цор ганц байдаг үзүүлбэрээс онцолъё. Тухайлбал, “Шидэх банзнаас үсрэгчид” номерыг эрэгтэйчүүд үзүүлдэг маш хүнд төрлийн акробат үзүүлбэрийг ОХУ-ын Большой циркийн эмэгтэй уран бүтээлчид монголчуудад харуулна. Энэ бол дэлхийд цор ганц гэдгээрээ ялгардаг юм. Мото шоу мөн онцлох байх болно. Өмнөх тоглолтыг үзсэн үзэгчид хамгийн их таалагдсан үзүүлбэр гэж онцолж байсан” гэв.


Тэгвэл тоглолтын ерөнхий найруулагч Дмитрий Чернов,Ерөнхий найруулагчаар ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Энэ тоглолтод дандаа дэлхийн шилдэг үзүүлбэрүүдийг толилуулах болно. Тухайлбал, циркийн “хаан” гэгдэх агаарын нисэлттэй үзүүлбэрийг үзүүлэх зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн. Амьтантай үзүүлбэр маань ч гэнэтийн байх болно. “Үхлийн шаариг” буюу таван мотоциклтой уран бүтээлч, дугуй төмөр дотор орж, маш хүнд үзүүлбэр үзүүлэх юм. Үзэгчид өмнөх тоглолтоос юугаар ялгарах вэ гэж асууж магадгүй. Тэгвэл анх удаа Монголыг зорьж ирсэн, дэлхийн шилдэг, алт, мөнгөн медальтай үзүүлбэрүүдийг бид олж, урьж ирдгээрээ онцлог. Дэлхийн номер нэг алиалагч ирсэн нь маш гайхалтай зүйл. Дэлхийн бусад улс оронд ч очоогүй энэ хүн ирсэн нь Монголын үзэгчид азтай байгаа хэрэг юм” хэмээн онцоллоо.



Харин манай улсад анх удаа ирсэн нэрт алиалагч Дэвид Ларибле, “Монголд ирсэндээ маш сэтгэл хангалуун байна. Миний хувьд Монголынхоо үзэгчдэд үзүүлбэрээ үзүүлэхээр тэсэн ядан хүлээж байгаа. Тэр хэрээр сандарч байна. Тоглолтод оролцож байгаа жүжигчин, уран бүтээлчидтэй олон улсын тоглолтод хамт оролцож байсан учраас сэтгэл хангалуун байна. Тун найрсаг ард түмэн юм. Энэ сайхан оронтой тухтай танилцах боломж гарна гэдэгт итгэлтэй байнахэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.




“Дэлхийн цирк Монголд-2025” тоглолтын тасалбар 20000-100000 төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “Имарт” дэлгүүрт худалдаж байна.















Холбоотой мэдээ